Цаг үеийн мэдээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Засгийн газраас урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. 2020.02.27-ний өдрийн 10 цагийн байдлаар коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхийн хэмжээнд 82175-д хүрч нас барсан хүний тоо 2800-д хүрээд байна.

Манай улсад одоогоор вирус орж ирээгүй ч эрсдэлтэй улс орнуудын тоонд багтаж байгаа бөгөөд зарим улс орнууд иргэдээ Монгол улс руу зорчихгүй байхыг анхааруулж байгаа. 

Коронавирусийн халдвар, сэжигтэй тохиолдлууд болоод сүүлийн үеийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11 цагаас хүргэж байгаа. Энэ үеэр халдвар авах эрсдэлт бүлэгт тооцогдож байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, зураглаач нар олноороо цуглаж үзэгчидэд мэдээллийг шуурхай хүргэж байна.

Zogii.mn сайтын зүгээс  олон хүн цуглахгүй байх чиглэл өгсөн энэ аюултай үеэр Эрүүл мэндийн яамны шууд мэдээллийг нэг сувгаар авч тус тусийн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ түгээх саналыг өнөөдөр хүргүүллээ. Энэ саналын тухай Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн ажилтан Т.Амаржаргал: " Энэ талаар бид ярилцаж байгаа. Нэг сувгаар бүх мэдээллийг түгээж цахимаар сэтгүүлчдийн асуултанд хариулах талаар хэлэлцэж байж шийднэ" гэлээ.