Цаг үеийн мэдээ

Катарын Доха хотноо үргэлжилж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий зургаа, долоо дахь өдрийн тоймыг хүргэе.
Мэдээж эрэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтээс эхэлбэл зүйд нийцнэ. Хоёр ч онцлох үйл явдал тохиов энэ төрөлд. Эхнийх нь мэдээж дэлхийн аваргад дөрөв дараалан түрүүлж буй Польшийн Павел Файдек. Энэ төрөлд дөрөв бүү хэл гурван удаа дэлхийд түрүүлсэн хүн байдаггүй. Дараагийнх нь энэ төрөлд хоёр тамирчинд хүрэл медаль олгосон. Гэхдээ амжилт нь өөр хоёр тамирчинд. Учир нь хүрэл медаль хүртсэн Унгарын Бенце Халашийг урьдчилсан шидэлтэд тойргийн гадаа гишгэсэн хэмээн Польшийн баг IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбоонд эсэргүүцэл гаргасан бөгөөд ИААФ уг эсэргүүцлийг хянан бодитой хэмээн үзсэн учир нэмэлт хүрэл медалийг дөрөвдүгээр байрт орсон Польшийн Войцех Новицкийд олгох шийдвэр гаргасан юм. Ингэснээр Новицкий дэлхийн АШТ-ий гурав дахь хүрэл медалиа зүүсэн бөгөөд тэрбээр мөн 2016 оны олимпод мөн хүрэл медаль хүртэж байсан юм.


Эрэгтэйчүүдийн 110 метрийн халхалттай гүйлтийн финалд өмнөх ДАШТ-ий финалд үлдсэн таван ч тамирчин жагссаны дотор Олимп, дэлхийн аварга Ямайкийн Омар МакЛеод, Олимпийн мөнгөн медальт куба гаралтай Испани гүйгч Орландо Ортега, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОХУ-ын Сергей Шубенков , Пан Америкийн наадмын аварга Барбадосын Шэйн Братвэайт нарын томчуул жигдэрсэн байв. Гараанаас гарснаас хойш АНУ-ын залуу тамирчин Грант Холловэй, Олимп, дэлхийн аварга МакЛеод нар зуузай холбон өнгөлж явсан. Гэвч хамгийн сүүлчийн халхалтыг давахдаа МакЛеод тэнцвэр алдан унах нь тэр. Унахдаа хажуу замд гүйж явсан Ортегод хүрч хурдыг нь сааруулсан. Испанийн тал ч зүй ёсоор энэ талаар эсэргүүцэл гаргаснаар дөрөвт орсон Ортегад нэмэлт хүрэл медаль мөн олгосон.
Эмэгтэй 200 метрт Их Британий 23 настай залуу тамирчин, олимпийн хүрэл, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Дохад 100 метрт мөнгө авсан Дина Эшер-Смит түрүүлэх нь бараг л тодорхой байлаа. Учир нь энэ зайн олон “луухгарууд” финалд уралдаагүй. Домогт Аллисон Феликс, дэлхийн аварга Шелли- Энн Фрэйзер-Прайс нар энэ удаа уралдаагүй. Миллер-Уйбо 400 м -т гол анхаарлаа хандуулах гээд бас уралдсангүй. Дэлхийн хошой аварга, Олимпийн мөнгөн медальт Дафне Шипперс, ДАШТ-ий мөнгөн медальт Та Лу нар урьдчилсан уралдаанд гараанд гарсангүй. Олимпийн аварга Элайне Томпсон хагас шигшээд шалгарсан ч уралдсангүй.


Ингээд энэ зайд 22 секундээс дотогш гүйдэг ганц хүн Эшер-Смит гол фаворит болсон юм. Тэрбээр финалд 21,88 гүйж дэлхийн аварга боллоо. Энэ зайд эрэгтэй, эмэгтэй аль алинд нь Их Британий тамирчин дэлхийн аварга болж байгаагүй юм. Тиймээс ч тэр үү энэ зайн медалийг ИААФ-ийн ерөнхийлөгч, Их Британийн домогт дундын зайн гүйгч, Олимпийн хошой аварга Лорд хэргэмт Себастьян Коу өөрийн биеэр гардуулна лээ.
Эмэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтэд Олимпийн мөнгө, хүрэл , Дэлхийн АШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт БНХАУ-ын Гун Ли Жиао дэлхийн хошой аварга боллоо. Түүний гол өрсөлдөгч дэлхийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Германы Кристина Шваниц хүрэл дээр буулаа.


Эмэгтэйчүүдийн 400 метрийн зайд энэ онд 50 секундээс дотогш гүйсэн дөрөвхөн тамирчин байсан. Олимпийн аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Бахамын Шона Миллер-Уйбо гурван удаа , Бахрайны тамирчин, нигери гаралтай ДАШТ-ий мөнгөн медальт Салва Эйд Насер, Олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Ямайкийн Шерика Жексон нар тус бүр нэг нэг удаа 50 секундээс дотогш гүйгээд байлаа. Өөр нэг ийм амжилт үзүүлсэн Нигерийн гүйгч Аминатоу Сейни ИААФ-ийн шинэ журмаар тестостероны хэмжээ их тул ДАШТ-д оролцох боломжгүй болсон.
Энэ жил тийм сайн биш байгаа ч 2017 оны энэ зайн дэлхийн аварга АНУ-ын Филлис Фрэнсис бас гол өрсөлдөгчдийн тоонд багтаж байлаа.
Эхний 200метрт Насер, Миллер- Уйбо нар зуузай холбон хурдалж явсан ч эргэлтэн дээр Насер огцом хурд нэмж тасарсаан. Төгсгөлийн шулуун замд Миллер-Уйбо сайн гүйдэг ёсоор зайг нилээд ойртуулсан ч Насерийг гүйцэж чадсангүй ээ. Эхний тавд орсон гүйгчид бүгд 50 секундээс дотогш гүйсэн бөгөөд Насерын амжилт энэ зайн бүх цаг үеийн гуравт бичигдэх боллоо.
Эрэгтэйчүүдийн арван төрөлтөд өсвөрийн болон залуучуудын дэлхийн аварга , Германы 21 настай Никлас Кауль гурван төрөлд тэргүүлж, нийт оноогоор дэлхийн аварга боллоо.

Ц.Энхтүвшин. “ТАВАН ЦАГАРИГ