Цаг үеийн мэдээ

            Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын амралт долоо хоногоор сунгагдаж өнөөдөр сурагчдын хичээл эхэлж байна. Үүнийг дагаад замын хөдөлгөөний ачаалал ихсэж байгаа энэ үед хүүхдүүдийг замын хөдөлгөөнд болгоомж сэрэмжтэй оролцохыг анхааруулж БГД-ийн Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч Г.Отгонтамир зөвлөмж хүргэлээ.

Зө.мн: -  Өнөөдөр сурагчдын хичээл эхэлсэнтэй холбоотой замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой ямар арга хэмжээг авч байна вэ?

Г.О: - Сурагчдын хичээл эхэлсэнтэй холбоотой нэмэгдсэн замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах үүднээс хяналт тавьж ажиллаж байна. Гэхдээ хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөхдөө цагаа зөв тооцоолоогүйн улмаас яарч сандарч яваад зам тээврийн осол ихэвчлэн гаргаж байна.  Мөн бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах байдал их ажиглагдлаа. Хуулиндаа 0-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулах ёстой. Дашрамд анхааруулахад хүүхдээ хараа хяналтгүй явуулж байгаа эцэг, эхчүүдэд зөрчлийн тухай хуулийн 13.7.54-т заасны дагуу 50 нэгжээр торгох торгуулийн арга хэмжээ тооцож байгаа. Мөн аюулгүй тээвэрлэлт дээр 14.7.45-т заасны дагуу мөн адил 50 нэгжээр тооцож торгуулийн арга хэмжээ тооцож байгааг анхааруулья.

Зө.мн: -  Замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийг хэр баримталж байна вэ?

Г.О: - Ер нь бага насны хүүхдүүд томчуудыг бодвол замын хөдөлгөөний дүрмээ сайн баримталдаг. Энэ нь тэднийг цэцэрлэгт байхад нь "Ногоон гэрэл цагаан шугам" төслийг хэрэгжүүлдэгтэй холбоотой болов уу. Энэ төслийг бид 38 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  Гэхдээ хамгийн аюултай нь жолооч нар явган хүний гарцаар гарч байгаа хүүхдийг дайрч гэмтээх, амь насыг хохироох тохиолдлууд гарсаар байна.  Тиймээс жолооч та бүхэн энэ халтиргаа гулгаатай үед хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, анхаарал болгоомжтой явахыг уриалж байна.

Зө.мн: -  Өчигдөр цас орсны улмаас зам харьцангуй халтиргаа гулгаатай байна.  Энэ үед жолооч нар юуг анхаарах ёстой вэ?

Г.О: - Жолооч нар гол нь хурдаа зөв тохируулах ёстой юм. Суурин замд 60 км, гаднах замд 80 км явах ёстой гэсэн заалт бий. Мөн бид Нийслэлийн хот тохижилтын компанитай хамтарч ажиллаж, нийслэл хотын замын өгсүүр хэсгүүдэд цас хайлуулах бодис, давс зэргийг асгуулж байна.

Зө.мн: - Осол аваар гаргахгүй байхад эцэг, эхчүүдийн оролцоо ч бас чухал нөлөө үзүүлэх байх?

Г.О: - Тийм ээ. Тээврийн хэрэгслийн тоо улсын хэмжээнд сая гаруй байна. Өдөртөө Авто тээврийн үндэсний төвд хамгийн багадаа 200-300 тээврийн хэрэгсэл дугаар авч байна. Тэгэхээр энэ их хөдөлгөөн дунд бид бүхний амьдралын утга учир болсон үр хүүхэд үнэхээр азаар л замын хөдөлгөөнд оролцож байна. Хичээл орох болон тарах оргил ачааллын үед эрсдэлтэй цэгүүдийн сургууль дээр хүртэл хяналт тавьж ажиллаж байгаа. Гэхдээ энэ ганцхан замын цагдаагийн ажлын үр дүн биш ээ. Үүнд багш, эцэг эхчүүд, School Police нарын үүрэг оролцоо маш чухал байдаг. Бид хамтын ажиллагааныхаа үр дүнд осол аваараа бууруулж дүүргийнхээ нутаг дэвсгэр дээрх нэг ч хүүхдийн амь насыг хохироосонгүй. Энэ бол маш том амжилт юм.

Зө.мн: - Сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг их гарч байна.

Г.О: - 2019 онд согтуурлах ундаа хэрэглэсэн 31.000 зөрчил илрүүлсэн бөгөөд шүүхээр 7400 иргэн шийтгүүлсэн. Мөн эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6000 гаруй тохиолдол гарсныг илрүүлэн зохих ёсны хариуцлагыг хүлээлгэлээ. Энэ оны эхний сарын 14 хоногийн байдлаар БГД-т нийт 84 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явсныг таслан зогсоосон. Иргэд гэр ойрхон гэх шалтгаанаар  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ихэвчлэн машинаа барьж явдаг нь анзаарагдсан. Тиймээс найз нөхдөө, ах дүүгээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байхыг сануулж, хориглож баймаар байна.

Зө.мн: - Бага насны хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг гарах боллоо. Танай дүүргийн хувьд ийм төрлийн хэрэг өнгөрсөн онд  бүртгэгдсэн үү?

Г.О: -  Өнгөрсөн оны байдлаар БГД-ийн хэмжээнд насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсан 124 зөрчил бүртгэгдсэн. Үүнд эцэг эхийн хараа хяналт сул, мөн тэдний хүүхдүүддээ үзүүлж буй буруу үлгэр дууриаллаас үүдэлтэй гэж хэлж болно. Учир нь зарим эцэг эх хүүхдээ жолооны курст суугаагүй байхад машин авч өгч байна. Эсвэл машинаа бариулж сургах зорилгоор машинаа хүүхэддээ өгч байгаа тохиолдлууд гарсан.  Мөн өвөр дээрээ суулгаад жолооны хүрдээ бариулсан тохиолдол ч байна.

Зө.мн: -  Жолоогоо барьж явахдаа утсаар ярьдаг, утсаа оролддог хүмүүс их байдаг шүү дээ. Энэ буруу хэвшлээс үүдсэн осол аваар хэр байдаг вэ?

Г.О: -   Уг нь жолооч нар маань нэг үеэ бодвол хамгаалах бүсээ зүүж хэвшсэн байна.  Гэхдээ машиндаа ороод л утсаа нээж, замын хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярьж, мессеж бичиж байгаа харагддаг.  Утсаа хараад эргээд замаа харахын хооронд жолооч нүдээ аньсан чигээр 50 м явсантай адил  тооцоолол бий. Үүнээс болж урд яваа машинаа хараагүй мөргөж байна. Эгнээ байр шилжихдээ хажуу машинаа анзаараагүй улмааж мөргөж байна.  Улмаар нэг ослын үед тухайн машин дунджаар 3-5 минут зогсдог. Эндээс болж угаасаа ачаалал ихтэй зам дээр нэрмэж ачаалал үүсгэдэг.

Зө.мн : - Энэ онд ямар ажлууд дээр төвлөрөх вэ?

Г.О: - Энэ онд хүүхдийг цаашид осол аваарт өртүүлэхгүй байх тал дээр анхаарна. Мөн  осол аваарын дуудлага мэдээллийн шалтгааныг олж, голчлох шалтгаан юу байгааг тодорхойлох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд чиглэсэн хяналт шалгалтаа түлхүү тавина.

Зө.мн: - Танд маш их баярлалаа