Цаг үеийн мэдээ

Коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 1500-д дөхөн ирж, халдварын баталгаажсан тохиолдол 65,000-д хүрлээ. Зөвхөн Баасан гарагт л гэхэд 121 хүн нас барснаас 116 нь халдварт вирусийн голомт болсон Хубей мужийн нутаг дэвсгэрт байжээ. COVID-19 нэршилтэй болсон вирус нь хамгийн багаар л бодоход дэлхийн 25 улс оронд бүртгэгдээд байна. Хятад улсаас гадна Япон, Хонконг, Филиппин улсуудад тус бүр 1 хүн нас баржээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебресусын хэлж буйгаар уг вирус ямар ч террорист халдлага, үйлдлээс илүү их хор уршиг учруулж болзошгүй юм. Вьетнамын нийслэл Ханой хотоос баруун хойно оршдог 10,000 хүнтэй жижиг хотод 20 хоногийн карантин тогтоосон байна. Ингэснээр Хятадаас өөр улс оронд доод тал нь 20 хоног бүрэн хөл хорио тогтоосон анхны тохиолдол болжээ.

Япон улс коронавирустэй тэмцэх ажиллагаанд зориулан 140 сая ам.доллар буюу 15.3 тэрбум иенийг зарцуулахаа мэдэгдлээ. Уг мөнгийг өвчний халдварыг оношлох, тогтоох, эмчлэх байгууламжийн багтаамжийг сайжруулах, амны хаалт/маскны үйлдвэрлэлийг 2 дахин нэмэгдүүлэх, вирусний улмаас үйл ажиллагаа нь доголдоод байгаа Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зээлийг хөнгөлөх зэрэгт зарцуулна.

Малайз улсад коронавирусийн 19 дэх тохиолдол, АНУ-д 15 дахь тохиолдол өнөө өглөө бүртгэгдлээ. Малайзын тохиолдлын хувьд өнгөрсөн 1 сарын 25-нд Хятадын Ухань хотоос Малайз улсад жуулчлан ирсэн 5 хүний нэг юм. Хонконгт шинээр 3 тохиолдол баталгаажсанаар нийт халдвартай хүний тоо 53 болжээ. 43 настай эрэгтэй 1 сарын 29-нд ханиалгаж эхэлсэн бөгөөд удалгүй гэдэс нь өвдөж гүйлгэж, бөөлжих зэрэг шинж тэмдэг ажиглагдсаныг шалгахад Коронавирусний халдвар авсан байжээ. Хонконгт нэмэгдсэн нөгөө 2 тохиолдлын хувьд 67 настай эмэгтэй, 37 настай хүүгийнхээ хамтаар далайн гаралтай хоолны ресторанд орсны дараа өвчилсөн байна.

/2020 оны 2 сарын 14-ны 11:40 цагийн байдлаар/

Бэлтгэсэн : Д.Жаргалсайхан