Цаг үеийн мэдээ

Урин цаг ирсэнтэй холбогдуулан хүмүүс харшлын өвчнөөс хэрхэн сэргийлэх ёстойг мөн харшилт өвчнөөр өвчилсөн тохиолдол ямар арга хэмжээ авах талаар АӨСҮТ-ийн Арьс гоо засал, харшлын их эмч Г.Доржхандтай ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

-Баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе.

Харшил гэж ямар өвчин бэ?

-Хүний бие организм нь гадны орчны цочролд хариу урвал үзүүлэх чадвартай байдаг. Гэтэл үзүүлж буй хариу урвал хэт мэдрэгээр үзүүлэхийг харшил илэрлээ гэж ойлгож болно. Харшлыг ямар зүйл нөлөөлж, ямар шинж тэмдгээр, хэзээ, хэрхэн илэрч байна гэдгээс шалтгаалж тодорхойлно. Ургамлын харшил бол ургамал дэлгэрч, ургахтай холбоотойгоор хөдөлдөг. Энэ нь ургамлын тоосонцор хүний амьсгалын замаар орж, эд эрхтэнг цочроодог гэсэн үг. Хамгийн түрүүнд нүд загатнадгийн учир нь тухайн тоосонцор нүд, хамар зэргээр дамжиж ордог учир нүд загатнаж, улайж, хамар битүүрдэг.

Харшил нь олон төрөлтэй байдаг. Харшлуудыг үүсгэгч шалтгаан юу вэ? Хувь хүнээс нөлөөлөх зүйл байдаг уу?

-Модлог ургамал, шарилж зэргийн улирлаас шалтгаалан харшил өөр өөр үед илэрнэ. Хүн бүр адил харшилтай байдаггүй. Учир нь хүн хүний биеийн онцлогоос шалтгаалж, харшлын хэлбэр нь өөр өөр байдаг. Генийн хувьд ч мөн нөлөөлнө.

Харшилгүй эцэг эхээс хүүхэд төрөхөд 25 хувийн харшилд өртөмтгий,  эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хүүхэд төрөхөд 50 хувийн магадлалтай бол хоёулаа харшилтай ээж аав байвал хүүхэд нь 75 хувийн харшлын өвчнөөр өвчлөх магадлалтай байдаг. Иймээс харшил үүсэх нь маш олон зүйлээс шалтгаална.

Харшилтай хүмүүсийг ангилвал ямар харшил илүүтэй зонхилж байгаа вэ?

-Харшлын өвчин нь нэг талаараа соёл иргэншлийн өвчин. Бид байгалиасаа холдоод л байвал харшилт өвчинд өртөнө л гэсэн үг. Дэлхийн 7 тэрбум хүний 40 хувь нь харшилтай бол Монгол Улсын 5 хүний 1 нь харшилтай байдаг гэсэн судалгаа гарсан. Харшлыг дотор нь улирлын, улирлын бус гэж хоёр ангилдаг. Улирлын гэдэг нь хэдэн сард, ямар ургамлаас тухайн хүн харшил төрүүлэгчийг авч байна вэ гэдгийг хэлэх бол улирлын бус чанартай нь гэрийн тоос тоосонцор зэргээс үүддэг амьсгалын замын харшил. Үүний илрэх шинж нь өглөө сэрээд л шууд найтаах, ор дэвсгэрийн даавуунаас харшилж найтаах зэрэг ордог.

Харшлыг тогтоох сорил гэж юу вэ?

-Сорилыг өдөөх болон цусанд үздэг сорил гэж ангилдаг. Эдгээрийг ашиглаж байж тухайн хүн юунаас харшилж байгааг тогтоож, шинжилдэг. Өдөөх сорилыг заавал эмнэлэгт эмчид хандаж хийлгэх хэрэгтэй. Мөн арьс хатгах сорил гэж бий. Энэ нь арьснаас цус гаргахгүй, өнгөцхөн дүрээд оношлоод явдаг. Харшил оношлогдвол тухайн үүсгэгчээс өөрийгөө сэргийлэх боломжтой болно.

Шарилжны харшил бүрэн эдгэрэх үү?

-Хүн өөрөө харшилж буй зүйлээ мэдчихвэл сэргийлж чадах үндэс болно. Харшлын өвчин дахидаг шалтгаан нь харшил төрүүлэгчтэйгээ ойр байгаад байна л гэсэн үг. Дөрөвдүгээр сараас модлог ургамлууд тоосоо гөвж эхэлдэг. Хэрвээ модлог ургамлын харшилтай бол үүнээс сэргийлж байх л хэрэгтэй.

Ургамлын гаралтай харшил нь идэр залуу насанд түлхүү тохиолддог.

Харшил илэрлээ л гэвэл шууд эмчид хандаж, юунаас харшилж байгаагаа тогтоох нь чухал. Ингэснээр ерөнхий харшлын гол зүйлийг дарж өгдөг. Түүнээс бүрэн гүйцэд эдгэнэ гэж байхгүй, сэргийлэх л чухал.

Харшилтай үед хэрэглэх уламжлалт арга гээд ам дамжсан яриа их байдаг. Энэ нь үнэн үү?

-Царцааны бэлдмэл хэрэглэх, голио сорох гээд хүмүүс ярьдаг. Энэ нь нэг талаараа сайн ч нөгөө талаараа муу нөлөөтэй. Муу нөлөө нь амьтан идсэн ургамлын алергиг хүн идэж байгаа учир гэнэт амьсгал боож, үхэлд хүргэж болзошгүй.

Харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ганц ургамлаас урьдчилан сэргийлэх бус бүгдээс нь л сэргийлэх хэрэгтэй. Хамгийн нэгдүгээрт бие организм нь эрүүл чийрэг байвал харшил өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой. Ажил, амралтаа сайн зохицуулж, дархлаа, амралт сайн байвал өвчинд өртөх эрсдэл буурна гэсэн үг. Ялангуяа гадуур гарч ирээд гадуур хувцасаа битүү орчинд хийх хэрэгтэй. Мөн маш энгийн арга бол байнга үсээ угаах хэрэгтэй. Учир нь үсээр дамжин маш их тоосонцор үүсч байдаг. Мөн нүдний шил, маск зэргийг хэрэглэж сурах нь чухал.

Ярилцсанд баярлалаа