Цаг үеийн мэдээ

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдөр Булган аймагт зочилж “Москва” олимпын зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзан олимпийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтаар “Москва” олимпын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг үйл ажиллагаагаа танилцуулан, цаашид удирдах зөвлөлийн гишүүдийг нэмэгдүүлэх, сургуулиудын олимпын танхимуудыг олноор бий болгохыг дурдаад, Спорт – Олимпизмыг өргөн хэмжээнд сурталчлан, хүүхэд залуусын эрүүл мэндийг дээшлүүлэхэд Биеийн тамир спортын газар – Боловсрол соёлын газар болон олон нийтийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэв.

Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр орон нутгуудад хүүхэд залуучуудын эрүүл мэндийг дээшлүүлэхэд спортоор хичээллэх нь хамгийн чухал байгааг онцлоод, спортын барилга байгууламжуудыг олноор бий болгосноор нийгэмд тулгамдаад байгаа чухал асуудлуудыг шийдэх боломжтой байгаагаа илэрхийлэн, МҮОХ, орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг уриалж, хүүхэд, залуусын дунд Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хүмүүжүүлэх гол ажил байгааг онцоллоо.