Цаг үеийн мэдээ

No description available.

Уушгины хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Энэхүү асуултын хариултыг авахаар ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Ганзориг-той уулзаж ярилцлаа.

Өдрийн мэнд хүргэе. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Уушгины хавдрын талаар үзэгчдэд мэдээлэл өгөөч?

-Өндөр хөгжилтэй орнуудад энэхүү өвчин өргөн тархсан бөгөөд маш олон хүмүүс уушгины хорт хавдрын улмаас нас бардаг. Хойд Америк, азийн өндөр хөгжилтэй орнуудад нас баралтаараа тэргүүнд бичигддэг. Уушгины хавдрын анхан шатны шинж тэмдэг нь амьсгалын замын эмгэгтэй төстэй байдаг. Ханиалгах, цэр гарах, цээж өвдөх, цаашлаад турах, цусаар ханиалгах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

Уушгины хавдрыг үүсгэдэг гол хүчин зүйлс юу байдаг вэ?

- Уушгины хавдрыг үүсгэх 4 хүчин зүйл байдаг. 

1.ТАМХИ

Хавдар илэрсэн хүмүүсийн 90% нь тамхи татах зуршилтай байдаг. Тамхи нь хавдрыг үүсгэх хамгийн гол хүчин зүйл юм. Өндөр хөгжилтэй орнуудад тамхины хэрэглээ тун өндөр байдаг. Манай улсын хувьд ч тамхины хэрэглээ сүүлийн үед өндөр болж байна.

2.АГААРЫН БОХИРДОЛ

Агаарын бохирдол нь сүүлийн 10 жил манай улсын хувьд ялангуяа Улаанбаатар хотод "Шүдний өвчин" хэвээр байгаа. 

3.ХАРШИЛ

Харшлын өвчин нь хүндрэхээрээ уушгины хавдар үүсгэх хүчин зүйл болдог.

4. ТООС, ТООСОНЦОР

Тоос, тоосонцортой орчинд ажилладаг хүмүүс энэхүү өвчнөөр өвчлөх нь элбэг. Жишээлбэл барилгын ажил, зарим үйлдвэрийн ажилчид, уул уурхайн ажилчид.  

Дэлхий дахинд тамхинаас үүдэлтэй өвчнөөр 7 секунд тутамт 1 хүн буюу жилд 5.000.000 хүн нас барж байна. Өсвөр үеийнхний 35% нь тамхи татдаг ба ихэвчлэн 12-13 насандаа тамхи татаж үзсэн гэх судалгаа бий.

Дам тамхидалт нь уушгины хавдрыг үүсгэдэг үү?

-Дам тамхидалт буюу тамхи татаж байгаа хүний хажууд байгаа хүн уушгины хавдраар өвчлөх магадлал тамхи татдаг хүнтэй ижилхэн. Гэр бүл, үр хүүхдийнхээ хажууд тамхи татдаг хүн бусдыг ч мөн хордуулж, хохироодог гэсэн үг.

Уушгины хорт хавдар хэдэн үе шаттай байдаг вэ?

-Уушгины хорт хавдар нь 4 үе шаттай. 1,2-р шат буюу хөнгөн үе шат. Энэ үед нь оношилж чадах юм бол эмчлэгдэх боломжтой. Харин 3,4-р үе шатанд орсон бол эмчлэгдэх боломж нь багасдаг. Бас нэг харамсалтай зүйл нь уушгины хорт хавдар нь эхэн үедээ ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Хүндрээд шинж тэмдэг нь илрээд үзүүлэхэд хэдийн оройтсон байдаг. Өөрөөр хэлбэл 3,4-р үе шат дээрээ шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Уушги нь хүний амьсгалах системийг хангаж өгдөг эрхтэн учраас хамгийн эхний шинж тэмдэг нь мэдээж ханиалгах. 

Уушгины хавдар нь эхэн үедээ огт шинж тэмдэг илэрдэггүй учраас урьдчилсан сэргийлэх үзлэгт заавал хамрагдах хэрэгтэй. 

Энэхүү дөрвөн үе шатуудад ямар ямар эмчилгээ хийгддэг вэ? Мэс засал хийх нь хэр үр дүнтэй байдаг юм бэ?

-1,2-р шатанд оношилж чадсан тохиолдолд 100% эмчилнэ. Хавдар жижиг байх тусам хагалгаа амжилттай болж өвчтөн бүрэн гүйцэт эдгэрнэ. Мөн химийн эмчилгээ, туяа шарлагын эмчилгээ, дааврын эмчилгээ гэх мэт өөр өөрийн шинжлэх ухааны өвөрмөц аргууд байдаг. Харин мэс зал хийгээд ч эдгэрэх боломжгүй өвчтөнүүдэд тухайн хүний зовиурыг багасгаж, амьдралын чанарыг дээшлүүлэх үүднээс химийн эмчилгээг хийдэг. Нэг ёсондоо тамхинаас татгалзах, тамхи татдаг бол урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ нь 3,4-р шатанд хүрэхээс сэргийлэх хамгийн чухал зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй

Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсэе.

Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсэе