Цаг үеийн мэдээ

УИХ-ын түр хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УОК-ын авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар шүүмж хэллээ. 

Тэрбээр, "Нөгөө хэдэн хүн асуудгаа асууж нөгөө хэд л тодорхойгүй хариултаа өгсөөр байна. Автобусанд чихэлддэг гэх мэт иргэдийн дунд үүсээд байгаа асуудлуудыг бид өнгөрсөн пүрэв гарагт ярьчихсан шүү дээ. Одоо больё эрхэм гишүүдээ. Ард иргэдийн дунд асар их асуудлууд үүсчихээд байна. Газар газар түгжигдчихсэн хүмүүсээ яах юм. Долоо хоног л Улсын онцгой комиссоос асуулаа шүү дээ. Юу хариулсан юм.  Өнөөдөр юу хариулж байгаа юм. Одоо дахиж судалж үзнэ. Ингэх байсан юм бол яах гэж хүмүүсийг 14 хоног түгжиж чирэгдүүлсэн юм бэ. Энэ хооронд энэ ажлаа хийж дуусга гэсэн хугацаа байхгүй юу.

 Би хоёр санал хэлэх гэж байна. Эдийн засгийн асуудлаар ард иргэд ААН-үүдийг хөшүүн хойрго болсон цусны эргэлт нь зогссон энэ асуудлыг яаж янзлах вэ гэдэг талаар тусдаа нэг ярилцацгаая. Оношилгоо, эмчилгээний асуудал надад эргэлзээ төрүүлсэн. Энэ талаар Я.Содбаатар, Т.Мөнхсайханаас асуух хэрэггүй. Чиглэлийн хүмүүсийг нь суулгаад судлаачдыг суулгаж байгаад нэгдмэл ойлголтод хүрье" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн асуултад Шадар сайд Я. Содбаатар дараах хариултыг өглөө.

"Түгжигдсэн иргэдийн асуудал шийдэгдэж байгаа. Энэ чинь эмнэлгийн заалттай байгаа. Тархалтын асуудал биднийг түгшээж байна. Тархалт зогсвол бид нар гаргана. Бид ажлаа хийчихсэн. Энэ хүмүүсийг Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр явуулна.  Эрдэмтдийн зөвлөл гаргаж ирсэн бодлогын зөвлөмжид үндэслэн хийж байгаа ажлууд!" гэлээ.