Цаг үеийн мэдээ

Монгол улсын Ерөнхий сайд болон Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн замын хойд талд байрлах “Эрдэмд шамдагтун” буюу жанжин Д.Сүхбаатарын хөшөөг сэргээн засварлах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зохион байгуулж байна. 

Тус баримлыг анх 1947 онд Төрийн соёрхолт, уран барималч С.Чоймбол бүтээсэн бөгөөд шавар, бетон хийцтэй юм. Он цагийн уртад суурийн чулууны өнгөн хэсэг элэгдэж, хэд хэдэн газарт цав сууж хагарсан, хөшөөний их биеийн дотор гол карказ дээрээс доошоо нэвт цуурч, сэлэм бэхэлгээнээс салсан, хөшөөний өнгөн хэсэг хэд хэдэн газар цууралт, хагарал үүссэн, олон янз байдлын засвараас үүдэлтэй өнгөн хэсгийн будагнууд үе давхарга бүрээр ил гарсан байдалтай байсан юм. Энэхүү сэргээн засварлах ажлын хүрээнд хөшөөг хүрлээр цутгаж, талбайн гол хэсэгт шилжүүлэн байршуулж цэвэр эх орны байгалийн боржин чулуугаар орчны тохижилтыг хийж байна. Орчны тохижилт бүрэн дууссан, хөшөөний угсралтын ажил үлдээд байна. 

Өчигдөр БНХАУ-д захиалж хийлгэсэн хэв, цутгалтууд Улаанбаатарт ирсэн бөгөөд Хотын Ерөнхий менежер ажлын явцтай танилцлаа. Гүйцэтгэгчээр МУ-ын УГЗ барималч А.Очирболд ажиллаж байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын ЗАА