Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгос улс нь амиа егүүтгэх болон нойргүйтэх өвчлөлийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт бичигдэх болжээ. Энэ нь хэт олон цагаар ажиллах, нийгмийн дарамт бухимдалд автсантай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Жи Юн шөнө унтахаа больсон учир өдөр ажил дээрээ нойрмоглосоор байдаг аж. Тэр өглөө 07 цагаас орой 22 цаг болтол ажил дээрээ байдаг бөгөөд ачаалалтай үед өглөө 3 цагт харих нь ч бий. Сөүл хотын Ганнам дүүргийн “Мөрөөдлийн нойр” эмнэлгийн эмч доктор Жи Хюн Лигийн ярьснаар унтахын тулд хоногт 20 ширхэг эм уудаг өвчтөнүүд нийтлэг тохиолддог гэжээ. 

Унтаж амрахын тулд нойрсуулах эм тогтмол ууснаар нойрны эмэнд донтох эмгэгтэй болох явдал эрс нэмэгдсэн байна. Эмч Жи Хюн Ли нойрны эмэнд донтох үзэгдэл үндэсний хэмжээнд тахал мэт тархсан гэдгийг сэрэмжлүүлжээ. Статистикын албан мэдээ байхгүй ч Сөүл хотод л гэхэд нойрны эмэнд донтсон 100,000 орчим хүн бий гэж тэрээр таамаглаж байна. Ийм эмгэгтэй хүмүүс унтаагаараа алхаж, хөргөгчөө онгойлгон түүхий хоол хүнс идэх, автомашины осолд орох ч эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ. 

Өмнөд Солонгосын иргэд хэт олон цагаар ажиллах, нийгмийн стресс бухимдал, нойргүйтлээс ангижрахын тулд согтууруулах ундаа, стрессийн эсрэг эм эмчилгээний хэрэглээгээр дэлхийд дээгүүрт ордог байна. Нөгөө талаас дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэгээс хэдхэн арван жилийн дотор дэлхийн өндөр хөгжилтэй орны тоонд багтах хүртлээ дэвшсэн нь нийгмийн стрессийг бий болгож буй бас нэгэн хүчин зүйл ажээ. 

Богино хугацаанд хөгжсөн Саудын Араб, Арабын нэгдсэн Эмирт зэрэг улсууд байгалийн нөөц баялгаа ашигласан бол Өмнөд Солонгост нуугдмал баялаг байхгүй учир хүн амын ихэнх хувь илүү хурдан, илүү шаргуу ажиллах шаардлагатай болсон байна. 

Эх сурвалж: ВВС