Цаг үеийн мэдээ

Израилийн Тель Авив хотод өчигдөр халдлага гарч, хоёр хүн алагдаж, найман иргэн гэмтэж шархаджээ. Тус хотын цагдаагийн командлагч Амихай Эшед буутай этгээд оройн 21 цагийн үед цэнгээний газарт цугласан олон руу гал нээчхээд хэргийн газраас зугтсан гэжээ.

Сэжигтнийг барихаар цагдаагийн зуу зуун офицер дайчлагдаж, армийн тусгай хүчнийхэн барилгаас барилга дамжин самнаж байна. Хэргийн газраас нэг их холдолгүй нуугдаж байгаа гэж цагдаагийн офицерууд таамаглаж байна. Уг хэргийг террорист халдлага гэж үзэж байгаа ч чухам ямар зорилгоор гал нээсэн нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Уг халдлагаас хэдхэн хоногийн өмнө Израилийн нутаг дэвсгэрт палестинчууд 11 хүний амийг хороосон хэрэг гарсан. Мөн гуравдугаар сарын 22-ны өдөр дөрвөн хүнийг хутгалж хороосон хэрэг гарсан байна.

Энэ мэтчилэн хэд хэдэн халдлага шил дараалан гарсан тул цэрэг, цагдаа нар хамгаалалтаа нэмжээ. Израилийн эрх баригчид аюулгүйн хүчнийхэн, цагдаа нарыг гудамж талбайд хамгаалалтад гаргаснаар иргэдэд дайны үе мэт санагдаж байгаа тухай сэтгэгдлээ хуваалцсан байна.

Ерөнхий сайд Нафтали Беннет нөхцөл байдлыг ойроос хянаж байгаа аж. Америк, Европын төлөөлөгчид ойрын үед гарсан халдлагуудыг хурцаар шүүмжлэн буруутгаж байна.

Эх сурвалж: Al Jazeera