Цаг үеийн мэдээ

Орос, Беларусийн теннисчид 2022 оны "Их дуулга" тэмцээний нэг болох Уимблдонд оролцох эрхээ хасуулжээ.

Тэмцээний цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээнд "Үндэслэлгүй, урьд өмнө байгаагүй цэргийн түрэмгийллийн нөхцөл байдлын үед Орос эсвэл Беларусийн тоглогчдыг аварга шалгаруулах тэмцээнд оролцуулан Оросын дэглэмд ямар нэгэн ашиг тус хүртээх нь байж боломгүй зүйл" гэж бичжээ.

Уимблдоны тэмцээнийг зохион байгуулагч, Бүх Английн зүлгэний теннис ба крокетын клуб (AELTC) "Оросын нөлөөг хамгийн зоримог аргаар хязгаарлахын тулд засгийн газар, үйлдвэр, спорт, бүтээлч байгууллагуудын өргөн хүрээний хүчин чармайлтад хувь нэмэр оруулахаар шийдсэн" гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ, хэрэв нөхцөл байдал "бодитоор өөрчлөгдвөл" зохион байгуулагчид зохих хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байгаа илэрхийлжээ.

Уимблдоны тэмцээн зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 10-ны хооронд болж өнгөрнө. 

Уг шийдвэр гаргаснаар эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд ATP болон WTA чансааны шилдэг 100-д ​​багтсан Орос, Беларусийн 17 төлөөлөгч оролцохгүй гэж Чемпионат хэвлэл тооцоолжээ.  Тэдний дунд дэлхийд хоёрдугаарт бичигддэг, US Open тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн аварга Даниил Медведев, мөн 8-р бичигддэг 2021 оны Дэвисийн цом, АТР цомын аварга Андрей Рублев нар багтжээ.

Хоёр теннисчин хоёулаа дайны эсрэг байр сууриа илэрхийлж байсан ч Оросын түрэмгийллийг шууд утгаар буруутгаж байгаагүй аж.

Эх сурвалж: Настоящее время