Цаг үеийн мэдээ

Нэтфликс компани энэ жилийн эхний гурван сарын хугацаанд 200,000 дагагчаа алдсан бөгөөд хоёр дахь улиралд дахин хоёр сая гаруй дагагчаа алдана гэж шинжээчид таамаглаж байна.

Уг мэдээлэл гарсны дараа лхагва гарагийн байдлаар Нью-Йоркийн зах зээлд Нэтфликсийн хувьцааны ханш 35 хувиар буурсан үзүүлэлтийг харуулжээ. Коронавирусийн хөл хорио эхлэх үед Нэтфликсийн хэрэглэгчдийн тоо огцом нэмэгдээд байсан бол тэдгээр хэрэглэгчид шийдвэрээ дахин бодож үзсэн бололтой.

Дисней, Варнер Брос, Парамаунт зэрэг томоохон компаниуд Нэтфликсийн зах зээлийг хэдийн булаацалдаад эхэлсэн. Энэ нь Нэтфликсийн хувьцааны ханш жилийн хугацаанд 40 хувиар буурахад хүргэжээ.

Хэрэглэгчдийн тоо багасаж байгаа ч тус компани сарын хураамжаа АНУ-д 15,49 ам.доллар болгож нэмсэн байна. 2019 оны төгсгөлөөс 2021 оны хооронд халдварын оргил үед тус компанийн хувьцааны ханш 86 хувиар өссөн юм.

Хэрэглэгчдээ алдаж, хувьцааны ханш буурсанд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. Цар тахлын үеийн хөл хорио тавигдсан, Орос-Украины дайнаас болж ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоож 700,000 хэрэглэгчээ алдсан, инфляц нэмэгдсэнээр өрхийн төсвийн зарцуулалт багассан зэргийг нэрлэж болох юм.

Энэ төрлийн зах зээлийн шинжээч Эрик Шиффер энэ бол Нэтфликсийн төгсгөл биш, гэвч видео тоглоом зэрэг ирээдүйд ашиг орлого авчрах шинэ эх сурвалжуудаар дахин шинэчлэл хийх шаардлагатай гэж дүгнэжээ.

Эх сурвалж: The Guardian