Цаг үеийн мэдээ

4-р сарын 23-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Киев хотын метроны буудалд хэвлэлийн бага хурал хийх үеэр “Хэрэв манай хүмүүсийг Мариупольд устгавал, мөн эзлэгдсэн нутагт хуурамч санал асуулга явуулбал Украин улс дахин ямар ч хэлэлцээр хийхгүй" гэж мэдэгдлээ.

Зеленскийн хэлснээр, Оросууд Украин руу дайрч, энгийн иргэдийг хөнөөсөөр байгаа ч тэрээр хэлэлцээ хийхийг дэмжиж байгаа бөгөөд Владимир Путинтэй уулзахад бэлэн байна гэжээ.

Украины Ерөнхийлөгч "Би дайныг зогсоож, дуусгамаар байна. Дипломат зам байна, цэргийн зам байна. Ямар ч эрүүл хүн үргэлж дипломат замыг сонгодог" гэж хэлсэн байна. Зеленский мөн Оросын армид эзлэгдсэн газар нутгийг Украины мэдэлд эргүүлэн авна гэж хэлжээ.

Оросын пуужингийн цохилтын улмаас Одесс хотод амиа алдсан хүмүүсийн тоо найман хүн болж нэмэгдсэн тухай тэрээр хэллээ. "Одесс руу долоон пуужин харвасан, бид хоёрыг нь унагаасан. Орон сууцны байшин руу пуужин оносон. Найман хүн нас барж, 18-20 хүн шархадсан. Гурван сартай хүүхэд амь үрэгдсэн. Энэ хүүхдийг сартай байхад нь дайн эхэлсэн. Та төсөөлж байна уу? Тэднийг өөр юу гэж нэрлэх вэ? Зүгээр л новшнууд. Өөр үг алга" гэж Украины Ерөнхийлөгч хэлэв.

Мөн тэрээр Оросын ард түмэнд хандан дайны эсрэг дуу хоолойгоо хүргэхийг уриалав.  ОХУ-д болж буй дайныг эсэргүүцэн гарч ирсэн хүмүүст талархал илэрхийлж, тэдний тоо цөөхөн байгаа ч Оросын эрх баригчид тэднээс “айж” байгааг онцоллоо.

Эх сурвалж:Настоящее время