Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Чаоян дүүрэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд коронавирусийн халдварын 26 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Бээжин хотод халдварын шинэ давлагаа эхэлснээс хойш тус дүүрэгт хамгийн их тохиолдол бүртгэгджээ. 

Тиймээс дүүргийн 3,5 сая оршин суугчийг бүх нийтээр ковидын шинжилгээнд хамруулж эхэлсэн ба 25 сая оршин суугчтай Шанхай хоттой ижил нөхцөл байдал үүсч болзошгүй гэсэн түгшүүр бий болоод байна.

Шанхай хотод ковидын омикрон хувилбарын халдвар нэмэгдсэнээс олон сая оршин суугч гэртээ түгжигдэж, хоол хүнсний хомстолд орж, улмаар уурлаж бухимдаж эхэлсэн юм. 

Бээжингийн хамгийн том дүүрэг Чаоянд Хятадын Засгийн газраас хүнсний хангамжийг баталгаажуулсан ч иргэд дэлгүүр худалдааны төвүүдийн гадаа урт дараалал үүсгэн зогссон байна. Тус дүүрэгт бүх нийтийн шинжилгээг гурван удаагийн давтамжтай явуулах ажээ. 

Бээжингийн халдварт өвчинд хяналт тавих, сэргийлэх төвийн дэд захирал халдварын тохиолдол ирэх өдрүүдэд нэмэгдэнэ гэдгийг сэрэмжлүүлсэн байна. 

Эх сурвалж: ВВС