Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэ долоо хоногт Чилийн Ерөнхийлөгч Габриэль Боричийн хамтаар Антарктидад очиж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй агаарын температурын өсөлт тус тивд хэрхэн нөлөөлж буйг ажиглах ажээ. Энэ тухайгаа тэрбээр даваа гарагт мэдэгдэв.

НҮБ-ын тэргүүн сэтгүүлчдэд мэдээлэхдээ, агаарын температур нэмэгдэж байгаа нь Антарктидын мөсийг улам хурдан хайлахад хүргэж, улмаар дэлхийн өнцөг булан бүрд хүмүүст аюултай үр дагавар учруулж байгааг онцолжээ.

Чили дэх НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээлснээр, А.Гутерриш, Г.Борич нар цаг агаарын байдлаас шалтгаалан лхагва гаргаас бямба гараг хүртэл Антарктидад байх аж. Тэд Коллинс, Нельсон мөсөн голуудыг үзэхээс гадна, оцон шувуу, мөн бусад төрөл зүйлийн амьтдыг харахаар Копайтик арал дээр очихоор төлөвлөжээ.

А.Гутерриш ирэх долоо хоногт АНЭУ-ын Дубай хотноо болох Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 28 дугаар чуулганы /COP28/ үеэр Антарктид дахь нөхцөл байдлын талаар ярих бөгөөд “хүн төрөлхтөнд тулгараад байгаа хямралд тохирсон арга хэмжээ авахыг уриалах” ажээ.

Парисын гэрээнд заасанчлан дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилтын хүрээнд дэлхийн улс орнуудын удирдагчид Дубайд хуран чуулах юм. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах улс орнуудын амлалтаас үзэхэд энэ зуунд манай гараг 3 хэмээр дулаарах төлөвтэй байгааг даваа гарагт танилцуулсан НҮБ-ын судалгаа шинжилгээ харуулжээ.

Г.Борич энэ онд мөн Антарктидад очсон бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг бусад орны удирдагчдыг ч мөн адил тус тивд очиж нөхцөл байдалтай биечлэн танилцахыг урьсан байна.

Таны сурталчилгаа