Цаг үеийн мэдээ

БНХАУ-д амьсгалын замын халдварт өвчин кластер хэлбэртэйгээр тархаж, өндөр настан болон бага насны хүүхдүүд хүндээр өвчилж, богино хугацаанд уушгины хатгаа өвчин болж байгааг хэд хэдэн эх сурвалж мэдээлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс уг халдварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Хятадын Эрүүл мэндийн яамнаас шаардсан байна.

Хятадын эрүүл мэндийн яамны зүгээс ДЭМБ-д өгсөн мэдээлэлдээ энэ жилийн аравдугаар сараас хойш кластер хэлбэртэйгээр тархаж буй амьсгалын замын халдварт өвчин нь ямар нэг шинэ нянгаар үүсгэгдээгүй гэж дурджээ. Мөн эмнэлгүүд ачаалал хэтэрсэн зүйл байхгүй ба томуу, амьсгалын замын синцитал вирус, аденовирус, риновирус, уушгины хатгаа өвчний микоплазм зэрэг нянгаар үүсгэгдэж байна гэжээ.

Амьсгалын замын халдвар нийслэл Бээжин зэрэг нутгийн хойд хэсгээр тархалт өндөр байгаа аж. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд ханиадны хөнгөн шинж тэмдэг илэрсэн даруйд өвчтөнүүдийг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандахыг уриалж байна. Хүүхэд болоод өндөр настнуудыг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах, олон нийтийн газарт амны хаалт зүүхийг зөвлөжээ.

Сарс, Ковид-19 зэрэг тахалт өвчнүүд үл мэдэгдэх амьсгалын замын кластер хэлбэрийн тархалтаар эхэлсэн тул олон улсын эрүүл мэндийн байгууллагууд Хятад дахь халдварын тархалтад онцгойлон анхаарал хандуулж байгаа юм. Коронавируст цар тахлын эхэн үед мэдээллийн ил тод байдал дутмаг байсан нь дэлхий дахинд халдварлахад хүргэсэн гэж ДЭМБ болон Хятадын эрх баригчдыг олон улсын зүгээс шүүмжилсэн билээ.

Таны сурталчилгаа