Цаг үеийн мэдээ

Энэхүү номын сан нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах таатай орчин болоод уншлагын танхимтай бөгөөд олон улсын стандарт бүхий “Дьюиги” цахим каталог, мөн стандарт бүхий “Монкоха” хайлтын системтэй холбогдсон бөгөөд 5200 гаруй бүтээлийг хайлтын системд оруулжээ.

Нээлтэд Соёлын сайд Ч.Номин, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч, уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Андрью Вилсон нар оролцлоо.

Эрдэм шинжилгээний номын сангийн нээлтийн үеэр Соёлын сайд Ч.Номин:

“Та бидний өнөөдөр нээж буй Чингис хаан Үндэсний музейн “Эрдэм шинжилгээний номын сан” нь олон улсад монгол судлалын салбарыг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ хүрээнд Монгол Улсын Соёлын яам Чингис хаан Үндэсний музейтэй хамтран та бүхний мэдэж байгаачлан БНФУ-д “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байгаа. Уг үзэсгэлэн дэлгэгдсэн цагаас хойш буюу 2 сар гаруй хугацаанд 200 мянга орчим иргэн үзэж сонирхсон бөгөөд 7 улсаас уг үзэсгэлэнг үргэлжлүүлэн гаргах саналыг тавиад байна.

Үүнээс үзэхэд дэлхийн олон улсууд Монгол судлал, монгол соёлын өв, үүх түүхийг хэрхэн хүндэтгэн авч үзэж, сонирхож буйг илтгэж байна. Түүнчлэн Монгол Улсын Соёлын яамнаас Кэмбрижийн Их Сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвтэй хамтран таван жилийн турш хамтран ажиллаж, энэ хугацаандаа судлаач нарыг бэлдэх, монгол судлаач нарын чадамжийг дээшлүүлэх, Монгол судлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг илүү өргөн цар хүрээтэйгээр хийх боломж олгох зорилготой хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Ингэснээр Монгол судлалын эрдэмтэн судлаачдыг Кембрижэд авчирч судалгаа шинжилгээний ажил хийлгэх, монголын соёл судлалыг хөгжүүлэх ажил илүү далайцтай хийгдэх үлэмж ач холбогдолтой юм. Эдгээр бүх ажлууд нь олон улсад Монгол судлалын салбарыг хөгжүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн энэхүү номын санг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан Оюу толгой компанийн хамт олонд гүн талархал илэрхийлье” гэлээ.

Номын сангийн фонд нь нийт 209 хавтгай дөрвөлжин талбайтай бөгөөд түүх, археологи, угсаатан, монгол судлал, хэл шинжлэл, соёл судлал, музей судлал чиглэлээр төрөлжсөн 6000 гаруй гадаад, дотоодын ховор судалгааны бүтээл, ном, эрдэм шинжилгээний сэтгүүлээс бүрдсэн. Мөн нийт 15 мянган цаасан болон тусгай суурьтай ном, сэтгүүл, судалгааны бүтээл хадгалах боломжтой орчин үеийн тоног төхөөрөмж, нягтруулсан шүүгээгээр хангагдсан орчин үеийн стандарт бүхий номын сан болж байгаа бөгөөд иргэд олон нийт, эрдэмтэн судлаачдад таатай орчныг бүрдүүлж, соёлын хүртээмжийг нэмэгдүүлнэ.