Цаг үеийн мэдээ

Эрээнцав боомтоор импортолж байгаа бензин шатахууныг Хэнтий, Сүхбаатараас бусад аймаг хот руу тээвэрлэхдээ хязгаарлалт тогтоохыг аймгийн Онцгой комиссоос үүрэг болголоо. 

Мөн бөөний агуулах болон ШТС-аас тусгай зөвшөөрөл бүхий шатахуун түгээх станцад нийлүүлэхээс бусад зорилгоор жижиг, дунд оврын хувийн болон аж ахуйн нэгжийн цэнэглэгч цистерт бензин, дизель түлш худалдан борлуулахгүй байх шийдвэрийг Дорнод аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн байна.

Уул уурхай, газрын тосны томоохон ААН-үүдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлж ажиллахыг “ДБЭХС” ТӨХК-д үүрэг болгожээ.

Дизель станц ашиглаж буй уул уурхай, газрын тосны томоохон ААН-үүдийн шатахууны хэрэглээг үе шаттай бууруулах, цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх ажлууд өрнөж байгаа аж. Үүнтэй холбогдуулан айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бууруулах, хэмнэхийг уриалсан байна.