Цаг үеийн мэдээ

Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар өвөлжилт хүндэрсэн үед төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ газар дээрээ ямар биелэлттэй байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, Төв аймгийн зарим сумдаар ажиллажээ. 

Төв аймгийн хэмжээнд энэ жилийн тухайд өнгөрсөн жилийнхээс өвөлжилт харьцангуй өнтэй болж байгааг Баяндэлгэр сумын малчид хэлсэн байна. Аймгийн ЗДТГ-аас малчдыг хоршооллын хэлбэрээр ногоон тэжээл тариалах боломжоор нь хангаж байгаа тул өвс, тэжээлийн нөөц хангалттай байгаа аж.

Орон нутгийн хэмжээнд нийт 21 шатахуун түгээх газар ажилладгаас өнөөдрийн байдлаар 15 нь ажиллаж буй нь зарим сумдад шатахууны хомсдолд өртөх нөхцөл байдалд хүрээд байгааг аймгийн удирдлагууд энэ үеэр хэлсэн байна. Иймд 30 тонн шатахууныг орон нутагт олгохоор шийдвэрлэлээ.