Цаг үеийн мэдээ

-БЗД-ийн 26 хороонд газар чөлөөлж, хоёр сургууль, нэг цэцэрлэг барьж нэг гарц гаргана-

Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороон дахь сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь очиж танилцлаа.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: -Нийслэл Улаанбаатар хотод маш олон том орон сууцны хороолол бий болсон. Төлөвлөлтгүй барилга барьснаас шалтгаалж, улсын сургууль цэцэрлэггүй, орц гарцгүй, иргэдийн амьдрах, ажиллах, амрах таатай орчин бүрдээгүй ийм орон сууцны хорооллууд энд тэндгүй боссоны бодит жишээ бол хуучнаар БЗД-ийн 26 хороо. Бидний нэрлэж заншсанаар Их Монгол, Баянмонгол, Олимп, Элизабет, Кристал таур, Сүмбэр орд гэх мэт маш олон хотхонуудын энэ хэсэгт 40 мянган иргэн амьдарч байгаа. Зарим аймгуудаас ч олон хүн энэ жижигхэн талбайд амьдарч байна. 26 хороонд улсын нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй. Иргэд нь бөөн бухимдал, стресс. Хүүхдүүдээ хотхоноосоо гаргаж ойр хавийн сургууль цэцэрлэгт хүргэж өгөх гээд энэ хавийн түгжрэлийн гол шалтгааныг бүрдүүлээд байна. Тиймээс БЗД-ийн 26, 36 хороо дээр хэд хэдэн арга хэмжээг яаралтай авна. Энэ талаараа олон нийтэд танилцуулж байна. Сүмбэр орд хотхоны арын 4002 м2 газрыг нийслэл өөрсдийнхөө мэдэлд буцааж авна. Тэгээд 960 хүүхдийн сургууль барихаар ирэх 4, 5 сараас тендер зарлана. Өөр хоосон газар огт алга. Газрын албаны дарга Мөнхбаатарт энэ газрыг нийслэлд авах ажлыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болгож байгаа. Баянзүрх дүүрэг тендерийн ажлыг зохион байгуулна. Олимп хотхонд баригдаж буй сургуулийн барилгыг гацаасан ААН-д арга хэмжээ авахыг нийслэлийн Барилга, хот байгуулалтын газарт үүрэг болгож байна. Техникийн нөхцөлийг шийдэж өгөхгүй бол тухайн ААН-ийн бүх газрын зөвшөөрлийг цуцална.

Ер нь бид өнгөрсөн 30 жилийн алдааг засахаар явж байна. Олон барилга барьж, ашиг орлого олсон ААН-үүдийн барилгыг худалдаж авсан иргэдэд сургууль, цэцэрлэгийн асуудлыг  шийдэх гэж байна. Кристал таун хотхоноос урагш Цэцэрлэгт хүрээлэн хүртэл нэвт гарцууд гаргана. Тендерийн асуудлыг Баянзүрх дүүрэг гүйцэтгэж, хөрөнгийг нийслэл шийдэж өгнө. Тус дүүргийн 26, 36 дугаар хороонд баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийг дуусгах ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна. 157 дугаар сургуулийн барилгыг дуусгах хэрэгтэй.

Олимп хотхоны урд талын Сэнчири ланд марк компанийн газраас 5,000 м.кв газар авч, цэцэрлэгийн цогцолбор барьж байгуулахаар төлөвлөж байна. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд сургууль, цэцэрлэг барих газрын асуудлыг шийдэх үедээ танилцуулна" гэв.