Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн өндөр дээд шагнал, одон медаль гардууллаа.

Тэрбээр шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм хүндэт манлайлагчид та бүхэндээ айлчлан ирж буй XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монголчууд бидний өвөг дээдэс өнө эртнээс тэнгэр газрын үзэгдэл, нар сар од эрхсийн хөдөлгөөнийг шинжиж, газар нутаг аж амьдралдаа нийцүүлэн монгол цаг тооллоо тогтоон, жилийн тэргүүн бар сард Цагаан сараа ёслон тэмдэглэдэг сайхан уламжлалтай билээ. Монголын Цагаан сар бол Хүннү гүрний гурван их баяр цэнгэлийн нэг, Их Монгол Улс эзэнт гүрний төрт ёс, түмэн олны эв нэгдлийн бэлэгдэл, монголчууд бидний өв соёл үнэт зүйл, түүхэн ой санамж, хахир өвлийг даван урин хавартай золгосны бэлэгдэл болсон сайхан баяр байдаг. Энэхүү XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярын босгон дээр ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүндэт та бүхнийг монгол төр хүндэтгэн алдаршуулж, төрийн дээд цол, одон медалиар шагнаж байна. 

Улс эх орондоо 60 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа монголд палентлогийн эрдэм судлалын суурийг тавьж, хөгжүүлэн бэхлүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, авьяас чадлаа зориулж, монгол орны үлэг гүрвэлийн судалгааны ажлыг тэргүүлэн эрхэлж, үлэг гүрвэлийн 20 орчим овог төрлийг шинжлэх ухаанд анх тогтоож, эрдэм шинжилгээний 20 гаруй ном, нэгэн сэдэвт бүтээл, 300 гаруй олон улсын чансаа өндөртэй шинжлэх ухааны өгүүлэл, бүтээлүүдийг туурьвиж, монголын геологи ба ашигт малтмалын салбарыг олон улсад таниулахад онцгой бодит хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Шинжлэх ухааны академийн Палентлогийн хүрээлэнгийн зөвлөх, Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор Ренчингийн Барсболдод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгон хүртээж, Алтан соёмбот тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнаж байна. Улс эх орныхоо хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртсэн азай буурал таныг монгол төр өндрөөр үнэлж, монголын ард түмэн гүнээ хүндэтгэж байна. 

Хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд малчид, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлт, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үйлсэд 45 жилийн хөдөлмөрөө зориулсан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан Дэлэгийн Жанцанхоролыг Монгол Улсын Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан цолоор шагнаж байна. 

Улс эх орондоо 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа хэвлэл мэдээллийн салбарын шинэчиллийг манлайлж, монголын чөлөөт хэвлэлийг бэхжүүлэх, соёл урлагийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэ хувь нэмэр оруулсан Соёл урлагийн их сургуулийн захирал Эрдэнэцогтын Сонинтогосыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа. 

Боловсролын салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөхдөө Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, заах арга зүйг боловсронгуй болгох, сурагчдын суралцах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирал Шугарсүрэнгийн Ядамсүрэн, 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сурах арга барил эзэмшүүлэхэд 39 жилийн хөдөлмөрөө зориулсан Нийслэлийн Баянгол дүүргийн Эхлэл ерөнхий боловсролын сургуулийн захирал Аюурзанын Энхжаргал нарыг Монгол Улсын гавьяат багш цолоор шагнаж байна. 

Эрүүл мэндийн салбарт 35 жил хөдөлмөрлөхдөө 17 мянга гаруй хүүхдийг эсэн мэнд эх барьж, 300 гаруй мянган эхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн Өргөө амаржих газрын ахмад эмч Тогтохдоржийн Рэнчинноровыг Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагналаа. 

Эрүүл мэндийн салбарт 34 жил хүчин зүтгэхдээ 20 гаруй мянган хүнд сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, мэс заслын дараах үеийн хяналтын тогтолцоо, стандартыг боловсронгуй болгон практикт нэвтрүүлсэн Номун нэгдсэн эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, Монгол Улсын зөвлөх эмч Жамъянгийн Жанчивт Монгол Улсын гавьяат эмч цол хүртээж байна. 

Сонгодог урлагийн салбарт 36 жил тасралтгүй ажиллахдаа дотоодын хөгжмийн зохиолын 600 гаруй бүтээл болон дэлхийн сонгодог дуурийн 60 гаруй ари, романсаар урын сангаа баяжуулж, 30 гаруй дуурийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээсэн Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын ахмад гоцлол дуучин Балжиннямын Банзаржав,

Соёл урлагийн салбарт 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа тайз, дэлгэцийн олон арван бүтээлийн гол ба туслах дүрийг чадварлаг бүтээж, арав гаруй дэлгэцийн бүтээлийг продюсерлаж, дэлхийн таван тивийн 12 улсын олон улсын кино наадмуудаас 22 шагнал хүртсэн, Трио уран сайхны киноны зохиолыг бичиж, найруулсан Хаадын хаан пикчерс кино компанийн захирал Доржийн Баттөмөр нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор тус тус шагнаж байна. 

Худалдааны салбарт 30 гаруй жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж, орон нутгийн ард иргэдэд мэргэжлийн үйлчилгээг өндөр түвшинд үзүүлж ирсэн хөдөлмөрийг нь үнэлж Хэнтий аймгийн худалдааны бэлтгэлийн трестийн ахмад ажилтан Бухаагийн Норжоод Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цол хүртээж байна. 

Улс эх орондоо 40 гаруй жил ажиллахдаа нутгийн өөрөө удирдах ёсыг идэвхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, нийгэм эдийн засгийн шилжилтийн үеийг амжилттай даван туулж, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Цэндийн Дагвадашийг Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагналаа. 

Ойн салбарт 40 гаруй жил тасралтгүй зүтгэхдээ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойн байгууламжийг нэмэгдүүлэх, ойг хортон шавж, түймрийн хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд бодит хувь нэмэр оруулсан Монгол орны ойн тогтвортой хөгжил зөвлөлийн төрийн бус байгууллагын дарга Загдсүрэнгийн Болдбаатарыг Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор шагнаж байна.

Авто тээврийн салбарт 34 жил тасралтгүй зүтгэхдээ хариуцсан ажлаа нэр төртэй гүйцэтгэн, ажил үйлсээрээ хамт олноо үйлгэрлэн манлайлж, тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Хэнтийн аймгийн Бэрхийн уурхайн ахмад жолооч Бяруузанын Өлзийбатад Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол олголоо.

Мал аж ахуйн салбарт 25 жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөж, таван хошуу малаа тасралтгүй тогтвортой өсгөж, сүүлийн жилүүдэд 3000 гаруй мал тоолуулснаас тэмээн сүргээ 860 толгойд хүргэн өсгөж, ажил үйлсээрээ ард олноо хошуучилж байгаа Дорноговь аймгийн Мандах сумын харьяат Монгол Улсын аварга малчин Нямсүрэнгийн Баясгаланг Монгол Улсын гавьяат малчин цолоор шагнаж байна. 

Улс эх орондоо тасралтгүй 40 жил хөдөлмөрлөхдөө Эрдэнэт үйлдвэрийн үйрдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх олон улсын стандарт шинэ техник технологи нэвтрүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч асан Жамбаагийн Амаржаргал,

Ноос ноолуурын ханган нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангахад олон жил идэвх санаачилгатай ажилласан Говь компанийн пресс машин баригч Цэндээгийн Анхбаяр нарыг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагналаа. 

Барилгын салбарт тасралтгүй 30 жил ажиллахдаа иргэний болон тусгай зориулалтын олон арван барилга байгууламжийг ашиглалтад оруулж, Буянт-Ухаан-1,2 зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн Үндэсний бүтээн байгуулалт корпорацийн ТУЗ-ийн дарга Гэлэгээгийн Батсүхийг Монгол Улсын гавьяат барилгачин цолоор шагнаж байна.

Та бүхний улс эх орондоо оруулсан гавьяа зүтгэлийг тань өндрөөр үнэлж, Монгол Улсын Гавьяат хэмээх эрхэм хүндэт цолоор шагнан алдаршууллаа” гэв.   

С.ОТГОН