Цаг үеийн мэдээ

Хаягдал цаасыг үртэстэй хольж эко түлш үйлдвэрлэж буй “Агдир бүтэмж” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компани 2022 онд байгуулагдаж 2023 оноос түлшээ худалдаанд гаргаж эхэлжээ. Гэвч үйлдвэрлэлээ  өргөжүүлэх   санхүүжилт дутсан тул  “Эрдэнэт” ШУТП-аас зарласан төслийн уралдаанд оролцож түрүүлэн эргэн төлөх нөхцөлтэйгээр 40 сая төгрөгийн санхүүжилт авч чадсан байна. Ингээд үнэргүй, байгальд хоргүй түлш үйлдвэрлэж эхэлжээ.

Хоногт 4 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ч одоогоор 2 тонныг үйлдвэрлэж байна. Хэрэв бүтэн хүчин чадлаараа ажиллавал Эрдэнэт хотын гэр хорооллын 17 мянган өрхийн түлшний хэрэгцээний 5 хувийг дангаараа бүрдүүлэх боломжтой гэнэ.

Уг түлшийн шатах хугацаа, дулаан ялгаруулах чадвар нь нүүрстэй ижил бөгөөд үнийн хувьд нэг шуудай нүүрснээс дунджаар 3000 төгрөгөөр хямд юм. Орхон аймагт өнөөдрийн байдлаар шуудай нүүрс  8-10 мянган төгрөг бол нэг шуудай эко түлш 6500 төгрөг байна.

Нэг шуудай эко түлшинд  12-13 кг хаягдал цаас, 500 гр үртэс ордог байна.  Мөн тэд хаягдал цаасыг ургамлын болон малын гаралтай тостой холин эко гал асаагч гаргажээ. Үүнийгээ 500 гр-аар савлан 1000 төгрөгөөр зарж байна.

Тус компанийн залуучуудын өөрсдийнх нь хийсэн судалгаагаар хогийн  цэгт хог хаяж буй нэг машин хогны 50 хувь нь цаас, цаасан бүтээгдэхүүн байгааг хэлж байлаа. Иймд түүхий эдийн дутагдалд орохгүй гэлээ.