Цаг үеийн мэдээ

Орхон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор П.Батболдтой тус аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. 

Орхон аймагт  гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдал ямар байгаа вэ, энэ талаар тодруулбал?  

Тус аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан бол зөрчлийн хэрэг өсөх хандлагатай байна. Тодруулбал, зөрчлийн хэрэг 2023 онд 79 хувиар өсөж, 46 мянга гаруй бүртгэгдсэн бол 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар 12298 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 30.8 хувиар өссөн. Хамгийн их үйлдэгдэж байгаа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, Танхайрах, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил байна.

Гэмт хэргийн тухайд, 2023 онд 830 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 6.7 хувиар буурсан. Нийт хэргийн 47.6 хувийг өмчлөх эрхийн эсрэг, 32.9 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, Авлига, албан тушаалын гэмт хэрэг өссөн бол Хулгай, Дээрмийн гэмт хэрэг буурсан байгаа. Мөн Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 52.7 хувиар, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 1 дахин буурсан.

Харин 2024 оны I улирлын байдлаар 331 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28.7 хувиар өссөн байдалтай байна. Аймгийн хэмжээнд нийт 600 гаруй хяналтын камер байдаг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг сайжруулахын тулд 2023 онд 133 хяналтын камер шинээр нэмж, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг газруудад суурилуулсан нь үр дүнгээ өгч байгаа.

Тус прокурорын газраас олон үйлдэлтэй, олон холбогдогчтой хулгайн гэмт хэргүүдийг илрүүлэн шалгахад онцгой анхаарч ажилласантай холбоотойгоор бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг буурч байна.

Орхон аймагт улсын хэмжээний томоохон үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг, төвлөрсөн хүн ам ихтэй, энэ онцлогтой холбоотойгоор үүдэн гардаг гэмт хэрэг, зөрчлүүд байгаа юу?

Томоохон үйлдвэржилт болон бүтээн байгуулалтай холбоотойгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчих, амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд гардаг. 2023 онд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой хүндэвтэр хохирол учруулсан 2, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болон хүний амь нас хохирсон тус бүр нэг хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. 2024 он гарснаас хойш Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  

Мөн сүүлийн үед Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна. 2023 онд энэ төрлийн 10 хэргийг, 2024 он гарснаас хойш 2 хэргийг тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн тухайд, 2023 онд нийтийн албан тушаалтан хахууль авсан 4, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 3, нийт 16 хүнд холбогдох 7 хэргийг шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн. Үүнээс 7 нь төрийн албан хаагч байсан. 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нэг хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлээд байна.

Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр хийсэн ажлын тухайд?

Прокурор төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд төрийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар уулзалт зохион байгуулж, иргэдэд яриа, таниулга хийх ажлыг тогтмол хийж байна.  

2023 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Сум хөгжүүлэх сан”-аас авсан зээлийн төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн зээлдэгч болон төрийн албан хаагчийн үндэслэлгүй шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг судалж, иргэний шүүхэд 71 нэхэмжлэл гаргасан. Шүүхээс прокурорын нэхэмжлэлийн дагуу 632 сая төгрөгийг дээрх сангуудад буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн үр дүнтэй байна.

Цаашид бид энэ чиглэлээр ажлаа эрчимжүүлж, орон нутгийн төрийн болон төрийн өмчит байгууллагуудтай хамтран ажиллахаар 2024 оны 1 дүгээр сард албан бичиг хүргүүлж, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх 6 нэхэмжлэлийг бичсэн.

Зам тээврийн осол хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн хэрэг хэр их гардаг вэ?

Орхон аймагт автомашинтай иргэд их байдаг, мөн орон нутаг хоорондын зам дайран өнгөрдөг учраас  зам тээврийн осол, хэрэг цөөнгүй гардаг. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил өсөх хандлагатай байна.

Тухайлбал, 2022 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 165 бүртгэгдэж байсан бол 2023 онд 237 болж 43.6 хувиар өссөн.  Мөн Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 34.6 хувиар өсч, 35 гарсан.

Энэ төрлийн гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн 6, жолооны эрхгүй хүн үйлдсэн 2, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон 2 тохиолдол бүртгэгдсэн байна. 2024 он гарснаас хойш Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 10 гэмт хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн. 

Аймгийн прокурорын газраас гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалж, өсөх хандлагатай байгаа гэмт хэргийг бууруулах чиглэлээр анхаарч ажиллаж байна. Жишээ нь, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар холбогдох эрх бүхий байгууллагуудад санал хүргүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцдог болсон  талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж, эрхээ хасуулсан иргэдэд энэ талаар анхааруулга мессеж илгээх зэрэг арга хэмжээг авсан.

Цаашид зам тээврийн осол, хэргийн гаралтыг бууруулах, бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахад анхаарах асуудлаар замын цагдаагийн тасаг, сургууль, цэцэрлэг, баг хорооны нийгмийн ажилтнуудтай хамтран урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.