Цаг үеийн мэдээ

БЗД-ийн 147 дугаар сургуулийн хүүхдүүд нулимс асгаруулагч хийнд хордон ЭХЭМҮТ болон Цэргийн төв эмнэлгийн Хордлогын тасагт эмчлүүлж байна. Энэ талаар 147 дугаар сургуулийн 5 болон 8 дугаар ангийн сурагчийн ээжтэй ярилцлаа. 

-Та яаж мэдэж ирэв?

-Би ажлаа хийгээд байж байсан. Гэнэт том хүү залгасан. Манай том хүү энэ сургуулийн наймдугаар ангид сурдаг. Охин минь тавдугаар ангид сурдаг юм. Тэгээд “Ээж энд сонин юм болоод байна. Баахан ариутгалын хүмүүс ирчихсэн сургуулийг ариутгаад байна. Дүү маань ухаан алдсан бололтой. Түргэний машинаар явлаа гээд нэг л ам нь эвлэрэхгүй хэдэн үг ярьчихаад тасалчихсан. Би сандраад яав юу болов гээд багш руу нь залгасан. Багш нь өөрөө угаартчихсан. Угаартсан гэх үү, хордсон гэх үү. Шоконд орчихсон байдалтай багш руу нь ярихад ярьж чадахгүй “Охин чинь эмнэлэг рүү явчихлаа” гэсэн. Би одоо яах вэ. Сургууль руу очих уу яах уу гэтэл Госпитал руу яваад оч оо та гэсэн. Тийшээ очоод ямар нэгэн зүйл мэдвэл хэлээрэй гэж байсан. Госпитал руу очтол тэнд очоогүй Эх нялхас руу явсан байсан. Наашаа иртэл эхний ирсэн 2-3 ээж аавын л нэг болчихож. Ортол хүүхдүүд эгнээд суучихсан байна. Ирэх замдаа би түргэний эмчтэй нь ярьсан юм. Яаж байна гэтэл “Охин чинь хоолой нь боогдсон” гэсэн. Цаана нь уйлаад байгаа юм. Ухаан алдаагүй биз дээ гэтэл “Ухаан алдаагүй. Ямар ч байсан гайгүй байна. Та ямар ч байсан яаралтай тусламж дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд наашаа ирсэн бүх хүүхдүүдийг усанд оруулсан. Витамин С амаар нь уулгасан. Өвчин намдаах уулгасан. Хүчилтөрөгч залгасан ингээд 2 бараг 3 цаг болчихлоо. Эмчийн үзлэгээр ороод гарлаа. Нүдний эмчид үзүүлсэн. Нүдний эмч нь салст нь цочирдоогүй байна гэсэн. Гэхдээ хүүхдүүд ямар ч байсан шоконд орсон байдалтай байгаа шүү дээ. Айдастай. Тэгээд эмчид үзүүлсэн эмч нь биеийн байдал нь арай хөнгөвтөр байна гээд үзлэгийн цаас өгөөд гаргасан. Тухайн үед нь өмсөж байсан хувцастай нь байлгаж болохгүй. Гэрээс нь хувцсыг нь авчруулж байгаа. Хүлээгээд байж байна л даа. Хувцсыг нь ирэхээр солиод аваад явна. 24-48 цагийн дотор сургууль руу битгий очоорой гэсэн. Биеийн байдлыг нь ажиглаад гэрийн нөхцөлд эмчийн зөвлөж зааснаар эм тариаг нь өгөөрэй гэж зааварчилгаа өгсөн. Одоо ийм байдалтай л хүүхдээ аваад явах гэж байна. Маш хэцүү байна. Зүв зүгээр сургуульдаа явлаа гээд л гарсан. Бүтэн орж ирэх ямар ч баталгаа алга. Айдастай нийгэм болжээ. 

-Нулимс асгаруулагч хий цацсан гэх ангийнхны талаар та сонсов уу?

-Тэрийг цацсан гээд байгаа есдүгээр ангийн хүүхдүүд маш сахилгагүй гэж ээж аавууд сая ярьж байна л даа. Багшийнхаа ч үгэнд ордоггүй гэж байна. Багшийн үгэнд ордоггүй сурагч гэж ямар юм байх юм бэ. Тийм биз дээ. Багшдаа баригдаж, цагдагдаж хичээл ном сурна шүү дээ. Багшийгаа хүндэлж бид сургууль соёлд сурч төгссөн. Үнэхээр хэлэх ч үг алга даа. Хэцүү юм. Хүүхдүүдийнхээ хүмүүжилд маш сайн анхаарах цаг л болж. 

-Сургуулийн удирдлагатай ярьсан уу?

-Багштай нь л ярьсан. Би охинтойгоо байна та яаж байна гэсэн. Хэцүү байна л гэж байна лээ. Багш нь гэртээ байгаа юм байна л даа. Өөрөө адилхан хордсон. Ийм зүйл болно гэж бодоогүй. Гэнэтийн зүйл болчихсон болохоор аль аль талдаа бас хүндрэлтэй л дээ. Та бас дусал хийлгэж хордлогоо тайлаарай гээд ярилаа. Багшийнхаа биеийг асууж ярилаа. Одоо түрүүчээсээ авахуулаад багш удирдлагууд нь ирж байна уу, яаж байна. Ирж байх шиг л харагдлаа. 

-Хүүхдүүд ямар байдалтай ирж байна вэ?

-Энд ирсэн хүүхдүүд үнэхээр хүндэрч ирж байна. Гар хуруу нь татчихсан. Царай нь цонхийчихсон. Маш хүнд байдалтай ирж байна. Хүндийг нь хэвтүүлээд, хөнгөн заримыг нь ингээд явуулж байгаа юм шиг байна. Гэртээ байхдаа дотор нь муухай оргивол буцаж ирнэ шүү гэсэн заавартай гарч байгаа. 

-Ард нь үлдэх хор урхаг юу байдаг талаар ярьсан уу?

-Тэр талаар яриагүй. Хэд хоног толгой өвдөнө. Толгойн өвдөлт бол байна. Маш сайн хүүхдээ ажиглаарай л гэж байна. 

С.ОТГОН