Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж өөрчлөн найруулсан. Улмаар Гадаад улсад байгаа иргэд хувь тэнцүүлэх /пропорциональ/ аргаар нам, эвсэлд саналаа өгснөөр Улсын Их Хурлын 48 гишүүнийг сонгоход саналаа өгч сонгуульд оролцох боломжтой болсон.  Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоох бөгөөд гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байхаар хуульчилсан юм. Сонгуулийн ерөнхий хорооны саналаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах өдрийг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр байхаар Улсын Их Хурал тогтоосон. 

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссыг байгууллаа. Гадаад харилцааны яамны саналыг харгалзан байгуулсан 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Төв комиссын даргаар Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Д.Амарсайхан, Нарийн бичгийн даргаар Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын зөвлөх Ш.Цэнд-Аюуш, гишүүнээр Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд ажиллах юм.

Төв комисс нь Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүргийн дагуу гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг төлөвлөн зохион байгуулах юм. Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд ажиллах Салбар комиссыг Төв комисс тавдугаар сарын 6-ны өдрөөс өмнө байгуулна. 

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах тухай мэдээ, мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо, Төв комисс Дипломат төлөөлөгчийн газраар хүргэхээс гадна олон улсын байгууллага, хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагатай хамтран түгээхээр ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран энэ сарын 16-ны өдөр зохион байгуулсан “Диаспора нээлттэй форум: Монгол Диаспора, эргэн суурьшигч-Хөгжлийн шинэ гарц”  форумын “Хилийн чанад дахь иргэд Монгол Улсын болон бүс, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ оролцож, гадаад улсад байгаа сонгогчид саналаа өгөх талаар мэдээлэл өглөө. 

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Амараа, “Цахим өртөө холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл нартай 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр уулзав. Уулзалтаар гадаад улсад байгаа иргэдээс санал авах тухай мэдээ, мэдээллийг тус холбоод болон бусад олон нийтийн байгууллагатай хамтран боломжит бүх сувгаар түгээхээр ярилцаж, хамтран ажиллахаар тохирсон юм. 

Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм. Хүсэлтээ 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө биечлэн эсхүл утсаар, цахим шуудангаар гаргах боломжтой. Улмаар 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрийн аль нэгэнд нь тухайн улсынхаа цагаар 07.00-22.00 цаг хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд очиж санал өгнө.