Цаг үеийн мэдээ

Индонез улсын Умард Сулавеси муж дахь Руанг галт уул энэ долоо хоногийн мягмар гарагаас пүрэв гараг хүртэл таван удаа дэлбэрээд байна. Галт уул оргилж дэлбэрч эхэлснээс хойш тэнгэрт 1,600 метр орчим өндөр утаат багана үүсэж ойролцоох суурьшлын бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Тус галт уулаас 100 км-т байдаг Манадо хотын Сэм Ратуланги олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн 24 цагийн хугацаанд зогсоожээ. 

Галт уулын идэвхжил буураагүй байгаа тул дахин дэлбэрэх үед уул нурж далай руу орж магадгүй байна. Хэрэв тэгвэл ойролцоох эрэгт цунами үүсэж болзошгүй гэдгийг анхааруулж байна. Тиймээс галт уулын зүүн хойд талд байдаг Тагуландан арлын оршин суугчдыг мөн нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. 

2018 онд Индонез улсад Анак Кракатау нэртэй галт уул дэлбэрч нурсан хэсэг нь далай тэнгисийн ус руу унаж цунамигийн давлагаа үүссэний улмаас 430 хүн амь эрсдэж байжээ. 

Одоогоор галт уулын дэлбэрэлтийн улмаас хүн гэмтэж бэртсэн болон нас барсан тохиолдол гараагүй бөгөөд Руанг болон Тугаландан арлын 800 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр болсон.