Цаг үеийн мэдээ

Сүүлийн жилүүдэд өвөл урт, хавар хахир болж байна. Үүнийгээ дагаад хаврын цагт ядаргааны улмаас эмнэлэг сувилалын очер ихсэх болжээ. Тиймээс иргэд боломж олдвол ядаргаа тайлах арга хэмжээ авч, биеэ энхрийлүүштэй. Ер нь хавар цагт хүний бие организм хэр байхаас жилийн өнгө төрх тодорхойлогддог гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Тиймээс дараахь ядаргаа тайлах асаргаа сувилгааг зөвлөж байна.

Хавар нарны тусгал хурц болж цаг агаар дулаарахад хүний бие дасах гэж нэлээд зүдэрдэг. Тиймээс ядардаг. Ер нь аливаа өвчний суурь нь ядаргаа. Ядарч сульдсан үед хүний биеийн дархлаа унаж аливаа өвчин, гадны бактер вируст өртөх нь амархан болдог. Тиймээс ядарсан үедээ ядаргаагаа тайлах нь хамгийн чухал.

Таньд ханатлаа унтсан ч нойр хүрч, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байна уу. Ямар нэг зүйл хийх хүсэл сонирхолгүй, тамир тэнхээгүй болж, үе мөчөөр өвдөж байна уу. 

Эрүүл амьдралын хэв маяг бол дасгал хөдөлгөөн:

Урт амьдрахын хамгийн чухал хүчин зүйл алхах гэж үздэг. Алхах үед хүнд аз жаргалын даавар их хэмжээгээр ялгардаг байна. Ядаргаанд өртөх, стресст орох гэх мэт өвчний суурь шалтгаанд тамирчид өртдөггүй. Ер нь хөлсөөр хүний дотоод сэтгэлийн бухимдал тэр чигээрээ гадагшлаад гарчихдаг. Тэгэхээр хөлсөө гарга, дасгал хөдөлгөөн хий.

Эрт унтаж, эрт сэрэх нь ерөөсөө л хүн төрөлхтний эрүүл байхын үндэс. Шөнийн цагаар ажилладаг эрдэмтэн, гоц ухаантан, зохион бүтээгчид эрт хорвоог орхисон байдаг. Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтах ёстой. Тэгэхдээ 22:00 цагт унтаж, өглөө эрт сэрж байх нь нэн чухал. Шөнийн 22:00-02:00 цагийн хооронд эсийн нөхөн сэргээлт явагддаг байна.

Витамин уураг хэрэглэ:

-Бодисын солилцоог сайжруулан энерги авахад В витамин

/Витамин B1 мах, төмс, буудайнд, B2 сүү, сүүн бүтээгдэхүүн, элэг, загас, өндөг, бууцайнд, B6 мах, загас, байцаа, төмс, вандуй, гадил жимсэнд, B12 загас, элэг, өндөгний шаранд агуулагддаг/

-С витамин, төмөрлөг, магниз агуулсан хүнс эрдэс, амин дэмүүд хаврын ядаргааг ялахад тусална 

/С витамин жимс,тэр дундаа жүрж, нимбэгэнд ихээр агуулагддаг аж. Мөн ногоон ногоо, амтат улаан чинжүү, улаан лооль, төмс ч С витаминаар баялаг. Мах, дотор мах, ногоон ногоонд төмөр агуулагддаг. Магнизын хувьд бүтэн үр тариагаар хийсэн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, маханд баялаг бий/

Уламжлалт аргууд:

-Хонины чанасан толгойн шөл, шийртэй цай уух 

-Хонины толгой, шийрийг хуйлхалж, хярваслах үед ядаргаанд орсон хүнийг утаагаар нь утах

-Таван цулын шөл, битүү шөлөөр ядаргаа тайлах

-Цулхир, халгайн үр, хонины толгойн гавлын яс, тойг, дунд чөмөг, бажууны замбага, тасалсан гурил, шар тос, өрөм самарсан, хонины сүүл, өндөгтэй цай

Хамгийн гол нь дээрх аргуудыг ашиглахдаа салхи авахуулахгүй, гам сайн барих хэрэгтэй.