Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Эмээлт эко аж үйлдвэрийн парк техник эдийн засгийн үндэслэлээ танилцууллаа. 

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд арьс ширний экспортын үнэ, хэмжээ буурах хандлага ажиглагдаж байна. Энэ нь түүхий эдийн чанар муу, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт бага, аж үйлдвэрийн төвлөрсөн дэд бүтэц байхгүй, чадварлаг боловсон хүчин дутмаг зэрэг шалтгааныг онцлон дурдсан юм. Иймээс арьс ширний боловсруулалтад хөгжингүй технологийг нэвтрүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч, татварын дэмжлэг үзүүлэх зайлшгүй хэрэгтэй гэв. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийн хугацаа 2025-2039 он хүртэл 15 жил үргэлжлэх бөгөөд барилга угсралт 3 жил үргэлжлэх аж.  Эмээлт ЭАҮП-ийг хөгжүүлэх таатай орчин бүрдсэнээр арьс ширний чанар сайжирч, түүхий эдийн хаягдал багасаж, арьс ширний экспортын эзлэх хувь, хэмжээ өснө.  Экспортын үнийн хувьд 2022 онд нэг арьс 2 ам.доллар байсан нь 2039 онд 8 ам.доллар болж өснө. Ингэснээр 2022 онд 5 сая ам.доллар байсан орлого 2039 онд 38 сая ам.доллар болно гэж тооцож байгаагаа төсөл танилцуулагчид онцоллоо. 

Эхний 15 жилийн хугацаанд Засгийн газрын зүгээс ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг дурдаад 2039 оноос хойш, парк нь засгийн газраас санхүүгийн дэмжлэг авалгүйгээр арилжааны үйл ажиллагаа өрнүүлэх боломжтой болно гэсэн юм.