Цаг үеийн мэдээ

Даян аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудсаар дамжуулан "Премьер спорт нэтворк" ХХК, Монголын үндэсний бөхийн холбоо, "Бүх оддын барилдаан"-ыг төлөөх барилдааныг зохион байгуулагчдад хандан мэдэгдэл гаргасан. Үүний хариуд “Премьер спортс нэтворк” ХХК албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичигт: 

Монголын Үндэсний бөхийн холбоо, "Премьер спортс нэтворк” ХХК хамтран шилдэг баг шалгаруулах “Үндэсний алтан цом”-ын төлөөх багийн барилдааныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулан ажиллаж байна. 

Тус барилдааны “Бүх оддын барилдаан”-ыг 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тасалбарын орлогын дийлэнхийг үйл ажиллагааны зардал, бай шагналд зарцуулсан. МҮБХ үүргийн дагуу дээрх зардалд шаардагдах төлбөрийг 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн бөгөөд хамтрагч байгууллага "Алтан цом”-ын барилдаан зохион байгуулах дүрмийн дагуу төлбөрийг (ялсан баг 30,0 сая, ялагдсан баг 10,0 сая төгрөгний шагналын сантайгаас гадна урлаг соёлын оддын барилдаан, бусад тэмцээнүүдэд оролцогчид, уран бүтээлчдэд 2-5,0 сая төгрөгийн шагнал олгогдсон) бөхчүүд рүү шилжүүлэн ажиллаж байна. 

Төлбөрийн шилжүүлэгтэй холбоотой тайлбарыг "Премьер спортс нэтворк” ХХК-иас албан бичгээр даян аварга Н.Батсуурьт хүргүүлж байгаа мэдээллийг МҮБХ-нд сая мэдэгдлээ. Тус албан бичигт багууд тэмцээний төгсгөл хэсэгт шийдвэрлэх барилдааныг орхисон асуудал өмнөх жил гарсан учир бүх шагналын төлбөрийг  тэмцээний дараа олгох журмыг тайлбарласан байна. 

Аливаа спортын холбооны үйл ажиллагаа ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын ХАРИЛЦАН ИТГЭЛЦЭЛ тэдний ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ-ийн дүнд амжилттай явдаг. 

“Алтан цом”-ын "Бүх оддын барилдаан"-ы шагнал олголтын талаар зарим бөхчүүдээс 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр төлбөрийг нэхэмжилсэн шаардлага гаргасан, мөн тус шаардлагыг олон нийтийн сүлжээнд түгээсэн хэсэг бөхчүүдийн үйлдлийн өмнөөс МҮБХ, Ивээн тэтгэгч байгууллагууд болох ПЕПСИ БРЭНД, ТОЁОТО МОТОРС ХХК, ДИДИЭШ, ГАНТИГ ВИЛЛА ТӨСӨЛ, СКАЙТЕЛ ГРУПП-ын нийт ажиллагсад хамт олноос уучлал хүсэж байна. Энэ ташрамд Та бидний цаашдын хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье. 

Хойшид бөхийн дасгалжуулагч, багш нар аливаа тэмцээний дүрэм журмыг тамирчдадаа сайтар ойлгуулах, бөхчүүдийн зүгээс Монгол бөхийн жудаг ёсыг эрхэмлэн ямарваа нэгэн асуудалд туйлын нухацтай, хүлээцтэй, ул суурьтай хандаж, хойч үедээ сайн зүйлээр үлгэр дуурайлал үзүүлж байх цаг үе гэдгийг анхаарч байхыг хүсье. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО