Цаг үеийн мэдээ

Хотын дарга асан Д.Сумъяабазар но-той, ноцтой ногоон автобусны хэрэг явдалд өөрөөсөө бусдыг буруутгаж бусгаж нэг, бултаж нэг, булгиж нэг үзэж байна. Вьетнамд гар аргаар угсарсан цавчаа ногоон автобусны хэрэгт би өчүүхэн ч буруугүй гэсэн ярианых нь лайв дор түмпэн шанага дуугарах мэт нэр устай вьетнам троллчид үй олноороо монголоор пялдагдлаа. 

Сумъяабазарын вьетнам фен, Түй Уеэн Ан “Үе үеийн хамгийн шилдэг хотын дарга шүү. Тандаа баярлалаа” гэж монгол даргаар бахархаж буйгаа монгол хэлээр илэрхийллээ.  Харин Нгуен Пам Нху Чао “Үүрэгт ажлынхаа хугацаанд дорвитой шийдвэрүүд гаргаж, сайн ажилласан шүү” гэж монгол төрийн албан үг хэллэгээр алдаагүй цэвэрхэн бичсэн сэтгэгдэл илэрхийллээ. Дүан Ан Нгок бол бүр супер. “Хотод хийсэн ажлууд, залуучуудын хот, ногоон хот, түгжрэлгүй хот” гэх мэтээр Монголын Нийслэлийн засаг даргын хөтөлбөрийг үг үсэг гээлгүй мэдчихсэн байвал яах уу.  

Хэл сурахдаа маруухан байсан вьетнамын залуу үеийнхэн үнэхээр өөрчлөгдөж байна. Хуучин машин бүү хэл автобус гараараа гагначихна, будаг хийнэ, хоосон шаланк углана, замаск хийж байхдаа хэл сайн сурна.

Д.Сумъяабазарыг хотын дарга байхад Нийслэлийн Нийтийн тээвэр, өмчийн харилцааны дарга, түшмэлүүдээс бүрдсэн комисс цавчаа ногооныг сонгож, хүмүүс гараар барьж, нүдээр үзээд хуучин гэхээр Үгүй шинэ гэж тас гүрийж, тэс мэлзээд байсныг Та бүхэн мартсан уу? 

Өнөөдөр Д.Сумъяабазараас бусад түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар тэргүүтэй хотын захиргааны эвэртэн туурайтан голдуу 24 хүн цавчаа ногооны хэрэгт унаад байна. Өөрөө Сонгинохайрханы цагдаагаас дагуулж ирсэн Жавхлантбаатарыгаа түгжрэлийн экс сайд Сүхбаатартай хардаад байдаг юм байна. Гудамжинд таарвал цохиод унагана, цагдаа юм чинь гарын ая даах биз гэж дэвж шавлаа. Гудамжинд таараад цохихоосоо өмнө хотын захиргаанд  дарга болгох гэж дагуулж ирэхдээ л хонгодоод унагачих байсан боломжоо алдсан юм байна. 

Хотын даргад мөнгөний эрх нь шилжиж, хотын түшмэлүүд сонгосон цавчаа ногооны хэрэгт хотын дарга буруугүй. Үе үеийн хамгийн шилдэг хотын дарга гэж Түй Уеэн түс тас түмпэн шанага хэлсэн юм шүү.