Цаг үеийн мэдээ

Нийтийн биеийн тамирын үндэсний аяны хүрээнд цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн болно. Тэмцээн энэ сарын 25-ы өдөр Буянт-Ухаа спортын ордонд болох юм. Уралдаант үзлэгт цэцэрлэгийн хүүхдүүдийн 2024 оны нийслэлийн бүсийн I, II шат, орон нутгийн бүсийн I, II шатанд оролцсон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хамрагдана. Уралдаант үзлэгт цэцэрлэг тус бүрээс 15 охин, 15 хүү буюу 30 хүүхдийн бүрэлдэхүүнтэй, 2 дасгалжуулагч-багш, 1 эрхлэгч нийт 33 хүн байна. Монголын гимнастикийн холбооноос боловсруулж, эрхлэн гаргасан заавал хийх дасгал, цэцэрлэгүүдийн зохиомжилсон 2 дасгалаар оролцоно. Заавал хийх дасгалыг өгөгдсөн хөтөлбөрийн дагуу хийж гүйцэтгэх ба өөрчлөхийг зөвшөөрөхгүй. Заавал хийх – хувийн хөтөлбөрт дасгалыг нэгтгэн дүгнэж шагнана.

Монгол Улсад орчин үеийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Монголын гимнастикийн холбооны шинэ хөгжлийн стратеги төлөвлөгөөний дагуу “Гимнастик - 2042” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гимнастикийн нөлөөллөөр дамжуулан сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн бие бялдрын соёл - хүмүүжил, бие бялдрын боловсрол - сургалтын ажил, түүний чанар үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлж эрүүл чийрэг Монгол иргэнийг бага балчир наснаас нь хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, урам зоригийг бадрахад уралдаант үзлэгийн зорилго оршиж байгаа юм.