Цаг үеийн мэдээ

Итали улсад коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо БНХАУ-д бүртгэгдсэн тоог давжээ. Тус улсад нэг өдрийн дотор 427 хүн нас барж, 3405 болсон байна.  Үүний зэрэгцээ 4500 шинэ тохиолдол илэрсэн нь хамгийн олон тохиолдол бөгөөд халдварын нийт тохиолдлын тоо 41 мянгад хүрчээ.

Вирус анх илэрсэн Хятадад албан ёсны мэдээллээр 3245 хүн нас барсан ч шинжээчид энэ мэдээлэлд эргэлзэж байгаа юм.

Үүний зэрэгцээ Европын орнууд коронавирусний тархалтыг зогсоохын тулд хорио цээрийн арга хэмжээг сунгах талаар хэлэлцэж байна. Италид 14 хоногийн хөл хорио гуравдугаар сарын 12-нд эхэлсэн боловч тус улсын эрх баригчид сунгахаар шийджээ. Италийн бараг бүх иргэнд гэртээ үлдэхийг зөвлөж байна.

15 хоногийн хөл хориог сунгаж магадгүй гэдгээ Францын эрх баригчид мөн мэдэгджээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон пүрэв гарагт мэдэгдэхдээ, тархалт зургадугаар сарын эцэс гэхэд хумигдаж магадгүй боловч үүнд ямар нэгэн баталгаа байхгүй байна гэжээ. Европын удирдагчид хямралын эсрэг арга хэмжээгээ хэзээ сулруулах талаар одоогоор ярихгүй байна. ЕХ хилийнхээ бүсэд хатуу хяналт тогтоож, гадаадын иргэдийг хилээрээ 30 хоног нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан билээ.

Испанид өнгөрсөн өдрүүдэд коронавирусээр халдварласны улмаас нас барсан тохиолдлын тоо 169-өөр нэмэгдэж, 767 болсон бол халдвар авсан нийт хүний тоо 3431-ээр нэмэгдэж 17147-д хүрснийг эрх баригчид нь мэдэгджээ.

Таны сурталчилгаа