Коронавирусийн халдвар дэлхийд нийтэд анхлан Хятад улсад тархсан учраас зарим улс орны иргэд Хятад улс, ялангуяа ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэл газар аваад байна. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээнд коронавирусийг “Хятад вирус” гэж нийтэлсэн нь олон хүний дургүйцлийг хүргэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна гэх шүүмжлэлд өртсөн юм.
Үүний дараа Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Сүүлийн үед АНУ-ын зарим улс төрчид коронвирусийг Хятад улстай холбож байгаа нь Хятад улсыг гутаан доромжилж байгаа хэрэг, бид үүнд маш дургүйцэж, эсэргүүцэж байна” гэжээ.
Өмнө нь тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео коронавирусийг мөн “Ухань вирус” гэж нэрлэж байжээ.
Түүнчлэн вирусийн гарал үүслийг буруутгаж эхэлсэнтэй холбогдуулан ДЭМБ-аас эмгэг төрүүлэгчийг холбохгүй байхыг анхааруулгыг өгч байсан юм.