Коронвирус буюу Covid19 халдвар дэлхий нийтийг цочроон, улс орон бүрийн эрүүл мэндийн салбарт хүндхэн нөхцөл байдлыг үүсгээд байна.
Эмнэлгийн салбарын ажилтнууд минут, секундтэй уралдан ажиллаж, нэг ч гэсэн хүний алтан амийг аварч үлдэхээр чармайсаар. Өргөсөн тангарагтаа үнэнч байж эрүүл мэндийн энхийн манаанд зогсож буй эмч, сувилагчгүйгээр аюулт тахалтай нүүр тулах боломжгүй юм.
Жорж Вашингтоны их сургуулийн профессор доктор Леана Вэн тэргүүтэй эмч нар “Гэртээ үлдэж, амьдралаа авар” хэмээх компанит ажил өрнүүлж эхэлжээ. Тус аянд үүргээ ухамсарлан дэлхийн өнцөг булан бүрт цар тахалтай тэмцэж буй эмч нар нэгдэн, ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалан, гуйж буй аж.
Иргэд гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх нь эмч нарын ажилд маш том тус хүргэж байгаа нэг хэлбэр юм. Онц шаардлагагүй бол гэртээ үлдэж, өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалаарай.