Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан анхны хүнийг тогтоосон тухай Хятадын зарим хэвлэлээр мэдээлж байна. Тухайлбал, Уханий далайн бүтээгдэхүүний захад сам хорхой борлуулагч эмэгтэйг анхны тохиолдол гэж үзэж байгаа юм байна. Энэ тухай Хятадын Pengpai сонин мэдээлсэн байна.
Сонинд өгүүлснээр Хуананы далайн захад ажилладаг уг эмэгтэй 2019 оны 12-р сарын 11-ний өдөр халуурч эмнэлэгт ханджээ. Оршин суудаг байрныхаа ойролцоох эмнэлэгт үзүүлж эмч нар хоёр удаа халуун буулгах эм өгсөн ч тус болоогүй. Дараа нь өөр эмнэлэгт очсон ч биеийн байдал дээрдээгүй тул 12-р сарын 16-ны өдөр Хуажонгийн их сургуулийн Сэхи эмнэлэгт очжээ.
Одоогоор уг эмэгтэй “тэг өвчтөн” яг мөн эсэх, хэрхэн халдвар авсан нь тухай албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Хуананы захтай холбоогүйгээр вирусээр халдварласан анхны хүний талаар сонинд мөн өгүүлжээ. Арванхоёрдугаар сарын 16-нд нэгэн эрэгтэй халуурсан шинж тэмдэгтэй Жиангси хотын эмнэлэгт хандсан байна. Тэрээр санхүүгийн компанид ажилладаг, далайн бүтээгдэхүүний захаар огт үйлчлүүлээгүй гэжээ. Биеийн халуун нэмэгдэх шинж тэмдэг эхэлснээс хойш 14 хоногийн дараа эмнэлэгт хандсан юм. Сонирхолтой нь түүний ойрын харьцагч хүмүүсээс вирусийн халдвар илрээгүй аж.
Эх сурвалж: www.aif.ru