АНУ-д нэг хоногийн дотор коронавирусийн 11,192 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад халдвар бүртгэгдсэнээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Ингэснээр өчигдрийн байдлаар /2020.03.26/ тус улсад нийт халдвар авсан хүний тоо 66 мянга давж, нас барагсдын тоо 164-өөр нэмэгдэж 944 болоод байна. АНУ халдвар авсан хүний тоогоор Хятад, Италийн дараа гуравдугаарт бичигдэж байна.
Түүнчлэн Европ тивд шинэ коронавирусийн тахлын хоёр дахь том төв болоод байгаа Испани улсад сүүлийн 24 цагийн дотор 738 өвчтөн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 3,434 хүрсэн нь нийт нас баралтаар Хятад улсыг ардаа орхиж байна.
Испани улсын иргэд 11 дэх өдрөө хөл хорионы дэглэмд байгаа ба тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 47,610 хүрсэн нь Хятад, Итали, АНУ-ын дараа дэлхийд дөрөвт бичигдэх үзүүлэлт болж байна. Европ тивийн коронавирусийн тархалтын хамгийн том төв болоод байгаа Итали улсад өчигдөр 683 өвчтөн нас барж, 5,210 халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ.