Коронавирусээр халдварласан хүмүүсийг эмчлэх анхны хамгийн том түр эмнэлэг Лондонд үүдээ нээж өвчтнүүдээ хүлээн авч эхэлжээ. Зүүн Лондонд байрлах 87328 метр квадрат талбайтай “ExCel” үзэсгэлэн худалдааны танхимыг 9 хоногийн хугацаанд эмнэлгийн зориулалттай болгон өөрчлөн тохижуулсан юм.
4000 хүртэлх өвчтнийг хүлээн авах хүчин чадалтай “Nightingale” түр эмнэлэгт анагаахын оюутнууд, тэтгэвэртээ гарсан ахмад эмч нарыг болон цэргийн эмч нарыг нэмэлт хүч болгон дайчлан ажиллуулах юм.
Өнгөрсөн сард коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Их Британийн хунтайж Чарльз Шотланд дахь өөрийнхөө өргөөнөөс цахимаар холбогдон, эмнэлгийн нээлтийн ажиллагааг эхлүүлсэн байна.
Тэрээр Их Британийн эмнэлгийн салбарыг өндрөөр үнэлж “Боломжгүй зүйлийг боломжтой болгосон шинэ эмнэлэг нь айдаст автуулаад байгаа хар бараан энэ цаг үед гэрэл гэгээ авчрах болно” хэмээн хэлсэн байна.
Эхний ээлжинд 500 ор байрлуулсан тус эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байгаа Лондоны бусад эмнэлгүүд дэх хүнд өвчтнүүдийг шилжүүлэн хүлээн авах юм байна.
Хэрэв үлдсэн 3500 орыг ашиглалтад оруулж бүрэн хүчин чадлаараа ажиллавал “Nightingale” эмнэлэг нь дэлхийн хамгийн том эмнэлгийн байгууламжийн нэг болох юм.
Үзэсгэлэнгийн танхимыг эмнэлгийн зориулалттай болгож өөрчлөх ажилд 160 гаруй ажилтан мөн 200 орчим цэргийн албан хаагч дайчлагджээ.
Тус эмнэлэгт эрчим хүчийг ихээр тасралтгүй ашиглах шаардлагатай болох тул цахилгааны системийг нь шинэчлэн сайжруулж, ачаалал даах чадвартай болгосон байна.