Цаг үеийн мэдээ

Коронавирус нь харилцаа холбооны шинэ үеийн 5G сүлжээгээр тархдаг, идэвхждэг гэсэн цуурхалд итгэсэн хүмүүс Их Британийн телеком компаниудын эд хөрөнгөд халдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн удаа гарчээ.

Тухайн цуурхлаас болж Бирмингэм дэх 20 метр өндөр 5G сүлжээний цамхагийг хэсэг иргэд шатаасан байна.

Мөн баасан гарагийн шөнө Ливерпүүлд 5G станцын цамхагийг шатаасан хэрэг гарчээ.

Британийн бусад бүс нутагт 5G сүлжээнд засвар үйлчилгээ хийж явсан инженерүүдийг хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх тохиолдол гарсан тухай цагдаагийн газар мэдээлжээ. Тухайлбал Лондон хотын гудамжинд кабель татаж байсан харилцаа холбооны компанийн ажилчид руу нэг эмэгтэй дайрч, гэр бүлийнхээ үхэлд тэднийг буруутган орилж, хашхирч байсан гэнэ.

Бямба гарагт коронавирусийн тахлын нөхцөл байдлын талаар зохион байгуулсан хэвлэлийн хуралд Британийн засгийн газрын сайд Майкл Гөүв оролцож, 5G технологитой холбоотой цуурхал нь ямар ч үндэслэлгүй болохыг мэдэгдээд сошиал сүлжээнд тарсан цуурхалд зарим хүмүүс итгэж, хууль бус үйлдэл гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлжээ.  

Эх сурвалж: The Guardian  

Таны сурталчилгаа