2015 онд засгийн газрын эсрэг өдөөн хатгалга явуулсан хэргээр баривчлагдаж байсан Хятадын хүний эрхийн алдартай өмгөөлөгч Ванг Куанзан шоронгоос суллагджээ.
Гэхдээ тэрээр Бээжин хот дахь гэр бүлтэйгээ уулзаж чадаагүй байгаа бөгөөд коронавирусээс шалтгаалан Шандон мужид 14 хоногийн хөл хорионд ороод байгаа юм байна.
Нөхрийгөө суллуулахын тулд сүүлийн хэдэн жил тасралтгүй тэмцэж байсан түүний эхнэр Ли Вэнзу нөхрийгөө цаашид засгийн газрын байнгын хараа хяналтан доор гэрийн хорионд байж болзошгүй хэмээн эмээж байгаа юм байна.
Засгийн газрын бодлогод шүүмжлэлтэй ханддаг иргэдийг өмгөөлж, газраа булаалгасан иргэдийг хамгаалдаг байсан Ванг Куанзаныг баривчлагдсаны дараах 3 жилийн хугацаанд гэрийнхэн нь түүнийг эрүүл саруул, эсэн мэнд байгаа эсэхийг олж мэдэж чадаагүй байна.Нөхрийнх нь хэргийг хуулийн дагуу шудрагаар шийдвэрлэхийг шаардаж эхнэр нь найз бүсгүйчүүдийнхээ хамтаар гудамжинд үсээ хусч эсэргүүцлээ илэрхийлж байсан удаатай юм.