Энэ сарын 2-ны өдөр 8 настай хүүгийнхээ хамтаар сураггүй алга болоод байсан Роберт Кеннедийн зээ охины цогцсыг эрлийн багийнхан олсон байна.
Энэ жил 40 настай Мейв Кеннеди Таунсенд Маккэйн нь АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн төрсөн дүү сенаторч агсан Роберт Кеннедийн зээ охин нь юм.
Тэрээр халдвараас сэргийлж хүмүүсийн хөл хөдөлгөөнөөс дайжин Мэрилэнд мужийн Чесапикийн булан дахь ээжийнхээ гэрт гэрийнхнийхээ хамтаар амарч байсан юм.
Сураггүй алга болсон тэр өдөр Мейв эргийн ойролцоо хүүхдүүдтэйгээ хөл бөмбөгөөр тоглож байжээ. Гэвч ус руу санамсаргүй унасан бөмбөгийг авахаар тэрээр 8 настай хүүгийнхээ хамтаар каноэ завинд сууж эргээс нилээн холдсон байна. Тэр үед салхи ихтэй, хүчтэй урсгалтай байсан учир тэд эрэг рүү буцан ирж чадалгүй сураггүй болсон байна. Тухайн өдрийн орой тэдний завь хөмөрсөн байдалтайгаар олдсон юм.
Эрлийн багийнхан түүний цогцсыг орон нутгийн цагаар даваа гарагийн 17 цаг 30 минутын үед ээжийнх нь гэрээс 4 км-ийн зайд 8 метрийн гүнээс олсон байна. Харин түүний 8 настай хүү Гидеоныг олох эрлийн ажил үргэлжилж байгаа юм байна.
Харамсалтайгаар амиа алдсан Мейв Кеннеди Таунсенд Маккэйны дурсгалыг хүндэтгэж найз нөхөд, ойр дотныхон нь түүний гэрийн гадна ил захидлуудыг өлгөж байгаа юм байна.
Өнгөрсөн онд Роберт Кеннедийн өөр нэгэн ач охин болох 22 настай Сирши Кеннеди Хилл хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдаж байсан билээ.