Японы Ерөнхий сайд Шинзо Абэ парламентынхаа дээд, доод танхим болон бусад холбогдох албаныхантай зөвшилцсөний дараа улс орондоо нэг сарын хугацаатай хэсэгчилсэн онц байдлыг албан ёсоор зарлалаа.
Халдварын тархалтыг барих зорилгоор нийслэл Токио хот болон Канагава, Сайтама, Чиба, Осака, Хиого, Фукуока зэрэг нийт хүн амынх нь 44 хувийг хамарсан засаг захиргааны 7 нэгжид 5 дугаар сарын 6 хүртэл онц байдал зарласан байна. Ингэж яаралтай арга хэмжээ авахгүй бол цар тахлыг бариж дийлэхгүйд хүрч, улсынх нь эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй болох аюултай гэдгийг Шинзо Абэ хэллээ.
Гэхдээ энэхүү онц байдлын үеэр зарим орнуудын авч хэрэгжүүлж байгаа шиг хатуу ял, шийтгэлтэй чанга дэглэм үйлчлэхгүй юм байна.
Онц байдал зарласан газруудад нийтийн тээвэр хэвийн явах бөгөөд хүнс болон өдөр тутмын зайлшгүй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүр захууд, эмийн сангууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах юм.
Мөн хувийн компаниудын үйл ажиллагааг албадан зогсоохгүй бөгөөд аль болох олон ажилтныг нэг дор бөөгнүүлэхгүй байх арга хэмжээ авахыг сануулж байгаа юм байна. Түүнчлэн хөл хорионд хамрагдсан иргэдийг албадахгүйгээр аль болох гэртээ байж шаардлагатай тохиолдолд гарахгүй байхыг зөвлөж байгаа юм.
Японы иргэдийн хувьд төр засгийнхаа захирамж, зааврыг сайн дураараа мөрдөх ухамсартай тул заавал зарим орнуудад хэрэгжүүлж байгаа шиг хатуу шийтгэлтэй албадан хөл хорио тус улсад шаардлагагүй гэж үзэн ийм шийдвэр гаргасан байх хэмээн ажиглагчид дүгнэж байна.
Харин онц байдал зарласан хот мужуудын захирагч нар сургууль, цэцэрлэг, кино театр, музей зэрэг хүн олноор цугладаг газруудын үйл ажиллагааг зогсоох эсэхээ өөрсдөө бие даан шийдэх эрхтэй болж байгаа юм байна. Мөн газар болон барилгыг эзэмшигчдээс нь зөвшөөрөл авахгүйгээр шаардлагатай тохиолдолд түр хугацаанд эмнэлгийн зориулалтаар ашиглах эрх захирагч нарт нээлттэй юм.
Японд халдварын нийт 3906 тохиолдол бүртгэгдсэний 1200 орчим нь нийслэл Токио хотод дангаараа бүртгэгдээд байгаа юм. Харин тус улсын хэмжээнд 80 хүн цар тахлаар амиа алдаад байгаа юм.
Эх сурвалж: NHK