Цаг үеийн мэдээ

Японы Ерөнхий Сайд Шинзо Абэ коронавирусийг дэлхийн 2 дугаар дайнаас хойш нүүрлэж байгаа хамгийн том хямрал болж байгааг онцлон тэмдэглээд улсынхаа эдийн засгийг аврахад 108,2 их наяд иен  буюу бараг 1 их наяд ам.долларын тусламжийн багцыг гаргаж байгаагаа мэдэгдсэн байна.

Урьд өмнө байгаагүй хамгийн их хэмжээгээр баталсан энэхүү тусламжийн багц нь Японы жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувьтай тэнцэх хэмжээнийх юм.

Уг багцаас вирусээс болж ажилгүй болж, санхүүгийн хүнд байдалд орсон айл өрх бүрд 300,000 иен буюу 2750 ам.доллар өгөх юм байна.

Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдэд 6 их наяд иений тусламж үзүүлж, тэдэнд тодорхой хугацаанд хүүгүй зээл олгож, татварын хөнгөлөлт үзүүлэх юм байна.

Дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлаас болж Япон улсад энэ зун зохиогдох ёстой байсан олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулаад байгаа билээ. Хэрэв халдварын тархалт нэмэгдэж нөхцөл байдал хурцадвал Япон улс олимпийн байгууламжуудаа түр эмнэлэг болгон ашиглахад бэлэн байгаа юм байна.

Эх сурвалж: NHK

Таны сурталчилгаа