Узбекистан улс гадаадаас тусгай нислэгээр ирэх иргэдээ байршуулах хорио цээрийн тусгай бүсийг 5 өдөрт байгуулж, ашиглалтад оруулсан байна.
Ташкент хотын захад 55 га газрыг хамарсан тус бүсэд чингэлэгүүдийг байршуулжээ. Агааржуулалт, ариун цэврийн өрөө, шүршүүр, ор, зурагт зэргээр тохижуулсан чингэлэг тус бүрд 3 хүнийг байлгах юм байна.
Энэхүү бүсэд Москва болон Дубайгийн чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 650 хүнийг эхний ээлжинд байршуулсан байна.
Узбекистан улсад 3 дугаар сарын 16-наас 4 дүгээр сарын 30-ныг хүртэл олон улсын болон дотоодын нислэгийг зогсоогоод байгаа юм.
Тус улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 534 тохиолдол бүртгэгдэж 3 хүн амиа алдаад байгаа юм.