Европын Холбооны сангийн сайд нар хуралдаж коронавируст нэрвэгдээд байгаа гишүүн орнууддаа туслах 500 тэрбум еврогийн тусламжийн багцыг батлахаар санал нэгдлээ. Энэхүү шийдвэрийг Европын парламент батлах ёстой юм.
Санхүүгийн тусламжийн энэхүү багц нь 3 хэсгээс бүрдэх юм байна. 240 тэрбум еврог нь цар тахалд хамгийн ихээр нэрвэгдсэн орнуудад “Европын тогтвортой байдлын механизм"-аар дамжуулан олгох юм байна.
Өөр 200 тэрбум еврог Европын хөрөнгө оруулалтын банкнаас коронавирусээс болж ихээхэн алдагдал хүлээсэн үйлдвэр эрхлэгчид, хувийн хэвшилд зээл олгоход зарцуулах юм байна. 3 дахь нь 100 тэрбум еврогийн дүнтэй ажилгүйдлийн даатгалын сан байгуулах юм байна.
Үүнээс гадна Брюсселийн хуралдаанаар цар тахлаас болж сүйдсэн эдийн засгийг сэргээхэд чиглэсэн “Сэргээн босгох сан” –г байгуулахаар ярилцсан байна.
Хуралдаанаар тусламжийн багц дээр санал нэгдсэн ч ковид-19-д хамгийн их хохирол амсаад байгаа Итали, Испани улсуудын шаардаж байгаа евробондыг батлах асуудал дээр санал зөрөлдсөн байна.
Коронавирус цар тахал Европын Холбоонд хагарал, зөрчлийг үүсгээд байгаа юм. Испани, Итали улсууд коронавирустэй тэмцэхэд нь хангалттай тусламж үзүүлэхгүй байгаад Европын Холбоог буруутгаж, зарим улс төрчид нь Европын Холбооноос гарах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж эхлээд байгаа билээ.