Испаний парламент улс орондоо тогтоосон онц байдлыг дахин сунгах эсэхээр өчигдөр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 270 нь дэмжиж, 54 нь татгалзснаар онц байдлын хугацааг дахин 15 хоногоор сунгахаар шийдвэрлэсэн байна.
Испани улсад 3 дугаар сарын 14-нд анх онц байдал зарлаж байсан юм. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан 3 дугаар сарын 26-нд хорио цээрийн дэглэмийг 4 дүгээр сарын 11 хүртэл сунгасан. Хэдийгээр Испанид халдварын дэгдэлт буурах төлөв ажиглагдаж байгаа ч, байдлыг дахин хяналтаасаа алдахгүйн тулд онц байдлын чанга дэглэмийг 4 дүгээр сарын 26 хүртэл ийнхүү сунгалаа.
Халдварлагсдынхаа тоогоор Европт тэргүүлж байгаа Испани улс амиа алдагсдынхаа тоогоор бүс нутагтаа Италийн дараа 2 дугаарт бичигдэж байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Испани улсад ковид-19 халдварын батлагдсан нийт 146.690 тохиолдол бүртгэгдэж 14.555 хүн амиа алдаад байгаа юм . Харин Итали улсад 139.422 хүн халдвар авч, 17.669 хүн амиа алдаад байгаа юм.
Эх сурвалж: ВВС