Цаг үеийн мэдээ

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 3 дугаар сарын 24-нд БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй утсаар холбогдох үеэрээ коронавирусийн эсрэг тэмцэлд нь эмч нараа илгээхийг Хятадын талаас хүссэн юм.

Үүний дагуу цар тахлын голомтод амжилттай ажиллаж байсан Хятадын 10 чадварлаг эмч Казахстан улсад хүрэлцэн ирсэн байна.  

Казахстаны нисэх хүчний онгоцоор хүрэлцэн ирсэн Хятад эмч нарыг нийслэл Нур-Султан хотод газардахад нь коронавирусийн шинжилгээ авсан байна.

Эдгээр эмч нар 15 хоногийн хугацаанд Нур-Султан хотоос гадна тус улсын хуучин нийслэл Алмата хот, мөн Караганда хотод ажиллах юм байна.

Хамтын ажиллагааныхаа хүрээнд Хятадын эмч нар коронавирусийг  оношлох, халдвартай хүмүүсийг хэрхэн эмчлэх, ойрын хавьтлуудыг хэрхэн тусгаарлах талаар өөрсдийн туршлагаа хуваалцах юм байна. Эмч нарын бүрэлдхүүнд ковид-19-ийн халдвар авсан хүнд өвчтнүүдтэй нүүр тулан ажиллаж байсан сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг болон амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эмч нар багтаж байгаа юм.

БНХАУ эмнэлгийн мэргэжилтнүүдээсээ гадна хамгаалалтын хэрэглэл, эм тариа зэрэг 5,5 тонн хүмүүнлэгийн тусламжийг  Казахстан улсад тус онгоцоор илгээсэн байна.

Казахстан улсад 3 дугаар сарын 13-нд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдснээс хойш өнөөдрийн байдлаар 802 хүн халдвар авч, 60 хүн эдгэж, 9 хүн амиа алдаад байна.

Эх сурвалж: tengrinews.kz

Таны сурталчилгаа