Цаг үеийн мэдээ

АНУ цар тахлаар нэг хоногийн дотор 2000-аас дээш тооны хүнээ алдсан дэлхийн анхны улс боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-ын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 2108 хүн амиа алдсан гэж ВВС агентлаг мэдээлж байна.

АНУ-ын Жон Хопкинс судалгааны багийнхан АНУ-д коронавирусээр нийт 18,693 хүн амиа алдаж, халдварын 500,399 тохиолдол бүртгэгдсэн хэмээн мэдээлж байгаа бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага АНУ-д 14,665 хүн цар тахлаар амиа алдаж, 425,889 хүн халдвар авсан гэсэн зөрүүтэй тоо баримт байгаа юм.

Халдварын голомт болоод байгаа Нью-Йорк мужид нөхцөл байдал маш хүнд байгаа бөгөөд өдөр бүр 9 дүгээр сарын 11-ний халдлагын өдөр шиг ачаалал ихтэй ажиллаж байна хэмээн эмнэлгийн ажилчид ярьж байна.

Өдөр бүр коронавирустэй холбоотой 4000-аас дээш дуудлага ирж, цогцос хадгалах газрууд ачааллаа дийлэхгүй болсон тул Нью-Йоркийн Харт аралд том нүх ухан хүмүүсийг нэг дор олноор нь оршуулж эхлээд байна.

Өмнө нь тус арал дээр нэр нь тодорхойгүй, бүртгэлгүй, гэр бүлгүй эсвэл оршуулгын зардалгүй ядуу тарчиг хүмүүсийг хоригдлуудаар нүх ухуулан оршуулдаг байсан бол одоо цар тахлаар амиа алдсан хүмүүсийг тэнд оршуулахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа