Цаг үеийн мэдээ

Бангладешийн тусгаар тогтнолын эцэг гэгддэг тус улсын анхны Ерөнхийлөгч Шейх Мужибур Рахманыг 1975 онд хороосон хэрэгт буруутгагдсан Абдул Мажедийг энэ мягмар гарагт баривчилсан юм.

25 жилийн турш оргон зугтсан тэрээр ялыг нь хэлтрүүлж, өршөөл үзүүлэхийг ерөнхийлөгчөөсөө хүссэн ч, хүсэлтийг нь хэрэгсээгүй байна.

Цэргийн ахмад байсан Абдул Мажедийг Бангладешийн нийслэл Дака хотод дүүжлэн цаазалсан болохыг эх сурвалж мэдээлж байна.

Бангладешийн одоогийн эмэгтэй ерөнхий сайд Шейх Хасинагийн эцэг Шейх Мужибур Рахман нь 1975 оны цэргийн эргэлтийн үеэр гэр бүлийнхээ олон гишүүний хамтаар амь үрэгдсэн юм.

Түүний үхэлд буруутгагдсан Абдул Мажед нь цэргийн эргэлтийн дараа улс орондоо тайван амьдарч байсан ч, 1996 онд Хасинаг ерөнхий сайдаар сонгогдсоны дараа Энэтхэг рүү зугтсан байна.

Засгийн эрхийг гартаа авсаны дараа 1998 онд Хасина гэр бүлийнх нь гишүүдийн аллагын гэмт хэрэгт армийн хэдэн арван хүнийг буруутгасан юм.

2009 онд тус хэрэгт холбогдуулан Абдул Мажедад болон өөр хэдэн хүнд улсынх нь дээд шатны шүүхээс цаазаар авах ял оноосон юм.

Таны сурталчилгаа