Цаг үеийн мэдээ

Цар тахалд хамгийн ихээр өртсөн орнуудын тоонд багтаж байгаа Испани, Итали улсууд хорио цээрийн чангатгасан дэглэмээ сулруулж эхэлсэн байна.

Испанид даваа гарагаас зарим үйлдвэр, барилгын салбарын үйл ажиллагааг сэргээхийг зөвшөөрсөн байна. Ингэхдээ ажилчид нь халдвараас сэргийлэх аюулгүйн зөвлөмжийг чандлан сахих ёстойг анхааруулж байгаа юм.

Харин хүн амын үлдсэн хэсэг нь гэртээ хөл хорионы дэглэмийг сахисан хэвээр үлдэх юм байна. 17,500 орчим хүнээ коронавирусээр алдсан Испани улсад сүүлийн өдрүүдэд халдварын шинэ тохиолдол тогтмол буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Европын орнуудаас хамгийн их хохирол амсаж 20 мянга гаруй хүнээ цар тахлаар алдсан Итали улс ном, бичиг хэрэг, хүүхдийн хувцасны дэлгүүрүүдийн үйл ажиллагааг сэргээхээр болсон байна.

Халдварын 6000 орчим тохиолдол бүртгэгдэж, 260 иргэнийхээ амь насыг алдсан Дани улс сургуулиудын үйл ажиллагааг сэргээж, шилжилт хөдөлгөөнийг хэсэгчлэн нээх болсноо зарласан байна.

Харин Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага хөл хорионаас яаран гарч, хорио цээрийн дэглэмээ сулруулахгүй байхыг дэлхийн улс орнуудад анхааруулж байгаа юм.

Франц, Их Британи улсуудын хувьд хөл хориогоо чангатгасан хэвээр байгаа юм.

Цар тахлаар 15 мянга орчим хүнээ алдсан Франц улс хөл хорионы дэглэмийг дахин нэг сараар буюу 5 дугаар сарын 11-ныг хүртэл сунгаж, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 7 дугаар сарын дунд үе хүртэл хориглоод байгаа юм.

Харин 20 мянга орчим хүнээ алдаад байгаа АНУ-д халдварын дэгдэлт энэ 7 хоногт оргил үедээ хүрнэ гэж албаныхан таамаглаж байгаа юм байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа